
Жаргалан эдлэн ахмадын асрамжийн газар 62 өндөр настан асаргаанд байна.
Тэдний ихэнх нь Альцхаймер буюу зөнөх өвчинтэй. Ахмадуудаас гадна харж хандах хүнгүй, хүнд өвчтэй хүмүүс ч ирдэг. Тэд хооллож ундлах, өтгөн шингэнээ гадагшлуулахдаа ч бусдаас тусламж авдаг юм.
Тэдний дунд залуу насандаа Өргөө амаржих газрын эх барих эмч хийж 350 хүүхдийг эх барьсан, СЭМҮТ-ийн сэтгэцийн эмч хийж байсан зэрэг олон олон гавьяатай буурлууд бий.
Малчин эмэгтэй С.Цэгмид ээжийгээ элэгний хорт хавдраар алдчихаад, хойчийн буянд нь зориулж энэхүү асрамжийг ажиллуулж эхэлсэн билээ. 2022 онд тус асрамжийн газраас сурвалжилга бэлтгэн хүргэж байхад залуучууд хөгшин настай аав, ээжийнхээ тэтгэврийг авч, гудамжинд гаргаж хаядаг талаар сурвалжилж байв. Тус сурвалжилга гарснаас хойш “Жаргалан эдлэн” ахмадын асрамжийн газрынхан өөрийн гэсэн байшинтай болжээ.
Харин өнөөдөр тэд тог цахилгаан нь тасардаг нөхцөл байдалтай аж төрж байна. Ахмадуудаа усанд оруулах, цагаан хэрэглэлийг нь угаах хэрэгцээнд ойр орчмын тог нь хүрэлцдэггүй, тасарчихдаг талаар ярьж байлаа.
Ахмадын асрамжийн газар тогтой болохын тулд нарны панель авах хэрэгтэй болжээ.
Мөн оюутан залуус туслахыг хүсвэл очиж, хашааны цас зэрэг аж ахуйн ажилд нь тусалж болох юм байна.
Та бүхэн “Жаргалан эдлэн” асрамжийн газартай 88636086 /Цэгмид/ дугаараар шууд холбогдоорой.
Мөн хандив, тусламж өгөхийг хүсвэл Хаан банкны 5749330533 тоот дансаар /хүлээн авагч С.Цэгмид/ харилцах боломжтой.















