
Д.Отгонжаргал: Хөдөө амьдрахад халаалт, цахилгаан, интернэт ямар ч асуудалгүй болсон.
Бидэнд “Нар нэхэмжлэх илгээдэггүй” гэдэг шиг нарны эрчим хүчээр бүх асуудлаа шийдээд эко амьдарч болдог.
Энэ хорвоод хүн бүрийн амьдрал олон янзын өнгөтэй. Хэрхэн тод уу, дунд зэргийн аль эсвэл бүдэг өнгөөр гэрэлтүүлэхийг хүн өөрөө л сонгодог байх. Аа гэхдээ хүний хувь тавилан ч байж мэднэ.
Өөрийн амьдралаа энгийн басхүү авсаархан Монголчууд бидний хэлж заншсанаар “минимал” бүрдүүлэн, нийслэл хотоос тэртээ алсхан хөдөө буйдад эко амьдарч буй тариаланч Д.Отгонжаргалтай уулзаж, цөөн хором хөөрөлдлөө. Тэрбээр Төв аймгийн Архуст сумын “Ширээ хүрэн” хэмээх газар амьдардаг.
Түүний хувьд Яргайтад байрлах модон байшингаа буулгаж, аваачин хөдөө ахуйд барихдаа, хүний гарын доорх материалаар бүгдийг хийж бүтээн, эко хэрнээ гоёмсог өөрийн амьдрах орчныг бүрдүүлсэн бүтээлч нэгэн аж.
Тариаланч Д.Отгонжаргал ярихдаа: “Хөдөөд халаалт, цахилгаан, интернэт гээд л хүний хэрэгцээ цөм байна. Энд л жинхэнэ цэвэр агаартай, амар амгалан, энгийн амьдрал өрнөж байна” хэмээсэн юм.

Нээрээ тэгээд хүнд өөр юу хэрэгтэй гэж? Хүн болон малын тэжээл, ургамал, хоол хүнсээ тариалчихаж байна. Улаанбаатар бүү хэл Монгол орны өнцөг булан бүрт суугаа хүмүүстэй асуудалгүй холбогдож, гадаад орон руу ч интернэт ашиглачихаж байна. Жинхэнэ амар амгалан бөгөөд эгэл даруу амьдрал тэнд л өрнөж буй гэлтэй…
-Сайн байна уу? Таны энэ амьдран байгаа орчин тойрон, байшин, тэжээж буй нохой, муур гээд л…Жинхэнэ хээрийн салхи эрх чөлөөтэй үнэртэж, амар амгалан л шууд л мэдрэгдэж байна?
-Сайн байна уу? Манай тариалан дээр зориод, хүрээд ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Миний баримталдаг зарчим тийм үнэтэй биш, гарын доорх материалаар бүх зүйлээ хийж бүтээгээд, аятайхан, минимал амьдрах боломжтой.
Жишээ нь энэ хашаагаа би зах банзаар хийсэн. Төв аймгийн Эрдэнэ суманд хөрөө рамны газарт байдаг зах банз хүмүүс эвдээд түлдэг. Харин тэр түлдэг модыг энд зориулж авчраад л, ингээд хашаагаа барьчихсан. Хашаа маань уулын хэлбэртэй. Тэгээд энэ байшин маань болохоор намайг таньдаг хүмүүс бараг мэднэ ээ. Яргайт зуслан дээр байсан 1970-аад оны модон байшингаа би буулгаж ирээд, ингээд бүгдийг нь угсраад, барьсан. Энд шинэ материал бараг байхгүй. Энэ хашааны хаалгаа хүртэл ковбой маягаар шийдсэн, би хурдан гэр лүүгээ орох, хурдан гэрээсээ гарч гүйх л зориулалттай бодож хийсэн.(инээв)
-Байшин руугаа орох явган хүний шатаа хүртэл та байгалийн чулуугаар бүтээж хийжээ дээ?
-Тийм. Энэ нутгийн чулуугаар явган хүний зам, сайхан довжоо хийгээд л мөн шургаагаар шатаа хийчихсэн, хаана ч байдаг материалууд. Жишээ нь энэ хамхуул гэхэд л манай хашаанаас ерөөсөө салж өгдөггүй, хүмүүс хамхуул шиг гэж ярьдаг, бас нэг гоёл чимэглэлтэй, дажгүй харагдана гэж бодоод л байшингийнхаа урд талд зүүчихсэн.
Байшингийнхаа гадна талын энэ модны хээг гэхэд л модны өтөөр, хэзээ ч давтагдашгүй хээ хийсэн, хачин гоё мод бий.
-Ер тэгээд танай байшин, хашаа, байшин доторх эд зүйлс бүгд л байгалийн бүтээгдэхүүнүүд байнаа даа. Сонирхолтой санагдаж байна?
-Жишээ нь энэ ширээ гэхэд л бараа тавьдаг подон, үүнийг ашиглаад ингээд ширээ хийчихсэн, шургуулгатай.
Байшиндаа ханан пийшин бариад л, Нарантуулаас Монгол залуучуудын хийсэн энэ зуухыг аваад ингээд хийсэн. Ханан пийшин дээрээ миний зурсан сүг зурагнууд байна.
Хотжилт бол жаахан золиос гаргадаг. Тиймээс моднуудыг улиас мод ч юм уу, элдэв хангайн моднуудыг ингээд тайрч, тариалангийн талбай дээр тэр моднууд ингээд хаягддаг ч юм уу эсвэл хүмүүс түлдэг ч юм уу. Тэгээд тэр моднуудыг би олж цуглуулан, сайхан өнгөлөөд, будаад бүтээл болгодог юм.


-Тэгэхээр таны хобби их бүтээлч байхнээ?
-Миний хобби бол байгалийн шалгуураар үлдэж хоцорсон зүйлсийг авчраад, зороод, өөлөн, будаж өнгөлөөд бүтээл болгоод тавьчихдаг. Гэрийнхээ дотор интерьерээ өөрийнхөө засаж чимэглэсэн зүйлсээр л бүрдүүлчихдэг юм. Манайх чинь энэ дээшээ бас мансардтай шүү дээ.
“Хамгийн гоё нь хөдөө цахилгаан, эрчим хүч, интернэт ерөөсөө ямар ч асуудалгүй болчихсон. Өнөөдөр бол тэр технологи асар өндөр хөгжиж байна, тэгээд хөдөө амьдардаг хүмүүст “Нар нэхэмжлэх илгээдэггүй” гэж ярьдаг. Тэрэн шиг нарнаас ингээд бүх энергиэ авч байна. Энд би ингээд интернэттэй компьютер, гар утас хэрэглээд л одоо энэ цахилгаан багажаа бүгдийг нь цэнэглээд ажилладаг. Ямар ч асуудал байхгүй. Ерөөсөө ийм гоё эко амьдарч болдог байхгүй юу.”
-Байшингийнх нь урд талд суугаад л, оройн наран жаргахыг хараад, тариан талбайгаа ширтээд кофегоо уугаад суух…Үнэхээр л амар амгалан энд л байна уу даа гэлтэй?
-Байшин маань дээрээ мансарттай учраас манай найзууд ирэхээрээ 10-15 хүн ч гэсэн дээр унтчихаар ийм том талбай бий. Би өөрөө доод давхартаа ингээд л амьдардаг юмаа. Энэ зун хүмүүс газар тариалангийн ажлаа хийж байх хооронд нь би бас зүгээр суухгүй, байшингийнхаа 1 давхарт ингээд террас хийсэн юм. Жижигхэн нэг давхар мөртөө террас хийсэн. Энэ террасаа яг өөрийн гараар хийсэн. Эд нар маш их гоё түүхтэй. Ерөнхийдөө одоо эд нар чинь ингээд чимэглэл болчихдог байхгүй юу.


Яах вэ, жаахан будах дутуу байгаа. Тэгээд одоо энэ ч гэсэндээ манай энэ хавьд л байгалийн шалгарлаар өвлийг даваагүй нэг үхрийн ийм толгойг авчраад л энд өлгөчихсөн. Энэ болохоор мөн замын хажууд байсан зүгээр л жирийн мод, авчраад л хийчихсэн. Яг ингээд сайн харвал маш гоё хэлбэртэй. Энэ болохоор манай газар хагалдаг, буталдаг техникийн нэг ийм таваг шиг юм байдаг юм. Энийг авчраад би энэ дээр ус хийгээд үлдээдэг.
Манай энд маш их болжмор байдаг. Тэр болжморуудад энд ус өгдөг. Нэг эм муур, нэг эм нохой манайд байдаг. Тэгээд тэр 2 маань жил болгон гөлөглөнө, зулзагалдаг.
Тэд нарыг би дандаа ингэж гоё хооллодог юм. Одоо ийм юм хийгээд л, муурнууд жишээлбэл энд хоолоо иднэ, нохой тэр цаана хоол иднэ.


-Таны хашаа, байшингийн байрлал, хэлбэр сонирхол татаж байна?
-Манай хашааг интернэтээс гүүгл мапаар ороод харахаар яг л монгол эртний гэрийн хэлбэр, хийцтэй харагддаг.
За энэ моднууд болохоор 3 эгнээ, 4 эгнээ байгаа, хойд талдаа ч бас байгаа. Тэгээд энэ моднууд дээшээ өндөр болоод ургаад ирэхээрээ гэрийн бүслүүр болж харагдахаар төлөвлөж тарьж, ургуулж байгаа.
Ярилцсанд баярлалаа.
Дэлгэрэнгүй видео ярилцлага БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






