
OpenAI компанийн тэргүүн Сэм Альтманы хэлснээр ChatGPT хиймэл оюун ухаан бүхий чат ботыг 7 хоногт 800 сая гаруй хүн хэрэглэдэг.
Иргэдийн ChatGPT-тэй хийсэн яриа, мессежнүүд нь нууц хэдий ч зарим хэрэглэгчид цахим орчинд ChatGPT-тэй харилцсан мессежнүүдээ нийтэлснээс иргэд хиймэл оюун ухаантай голчлон юуны тухай ярилцдаг болохыг бага ч гэсэн төсөөлөх боломжтой юм.
The Washington Post сонины сэтгүүлчид Internet Archive сервисийн тусламжтайгаар нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн иргэдийн ChatGPT-тэй харилцсан 93 мянга гаруй мессежнүүдээс 2024 оны 6-р сараас 2025 оны 8-р сарын хооронд англи хэл дээр бичилцсэн 47 мянган мессежийг сонгон судалгаа шинжилгээ хийжээ.
OpenAI компани ChatGPT-ийг ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх хэрэгсэл гэж тодорхойлдог ч иргэдийн ChatGPT-тэй хийсэн 10 харилцан яриа тутмын нэг нь ямар нэг хийсвэр зүйлийг хөндсөн мессеж байсан байна.
OpenAI компани өнгөрсөн 9-р сард иргэд ChatGPT-ийг голчлон ажлын шугамаар бус хувийн асуудлаа шийдвэрлэхэд ашигладаг болохыг онцолж байсан юм.
The Washington Post сонины сэтгүүлчдийн уншсан мессежнүүдийн 10 орчим хувьд нь иргэд хиймэл оюун ухаантай өөрсдийн сэтгэл санаагаа хуваалцаж, эсвэл ChatGPT-д үзэл бодол, сэтгэл хөдлөлийн талаарх асуултууд тавьсан байжээ. Зарим хүмүүс ChatGPT-тэй хайр дурлалын харилцаатай мэт харьцаж, хиймэл оюун ухаант чат ботод өхөөрдсөн хоч хүртэл өгсөн байжээ.
ChatGPT-ийг идэвхтэй хэрэглэгчдийн 0.15 хувьд буюу 1 сая гаруй хүнд ChatGPT-гээс сэтгэл санааны хамааралтай болсон шинж тэмдэг илэрчээ. Иргэд ChatGPT-тэй сэтгэл санаагаа хуваалцахаас гадна тус хиймэл оюун ухаанд хувийн мэдээллээ ч өгөхөд бэлэн байдаг нь олон тооны иргэд мэйл хаяг, утасны дугаар зэргээ чат боттой хуваалцсанаас харж болох аж.
Түүнчлэн иргэд ChatGPT-д сэтгэцийн эрүүл мэндийг асуудлуудынхаа талаар ярьж, эрүүл мэндтэй холбоотой мэдээллээ хуваалцсан тохиолдлууд ч багагүй ажиглагджээ.
ChatGPT ихэнхдээ хэрэглэгчдийн үзэл бодлыг дэмжсэн хариултууд өгдөг, хуйвалдааны онол, бодит байдалд нийцэхгүй, бодит байдлаас тасарсан сэдвийн тал дээр ч ялгаагүй хэрэглэгчдийн талд голчлон ордог болох нь тогтоогджээ.
Эх сурвалж: meduza.io







