
Японы хойд зүгийн Иватэ мужийн Карүмай хотод баавгай айлын нохой руу дайрч, аминд нь хүрчээ. Тус хотын оршин суугч өнгөрсөн бямба гарагийн орой нохой нь ойролцоох ойгоос үхсэн байдалтай олдсон талаар цагдаад дуудлага өгчээ.
Цагдаа нар хэргийн газарт ирэх үед нохойны цогцос алга болсон байсан ба шалгалтын явцад хууль сахиулагчид нохой баавгайд бариулсан гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Зүүн хойд зүгийн Фүкүшима мужийн Бандай хотод 80-аад насны эрэгтэй ням гарагийн өглөө баавгайн халдлагад өртжээ. Тэрээр хөрштэйгөө өвөл болж, цас орохоос өмнө замын хажуугийн хашлагыг авахаар ажиллаж байсан аж. Баавгай хохирогчийн толгой болон биеийн бусад хэсэгт гэмтэл учруулсныхаа дараа ой руу зугтжээ. Цагдаа нар баавгайг барихаар урхи тавьж, ойр орчим амьдардаг иргэдэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ.
Түүнээс гадна өнгөрсөн ням гарагт зүүн хойд зүгийн Акита мужийн Ноширо хотод байрлах Aeon худалдааны төвийн ажилчид худалдааны төв рүү нь нэвтэрсэн баавгайг тусгаарлаж, цагдаад дуудлага өгчээ. Дуудлагын дагуу ирсэн мэргэжилтнүүд баавгайг тусгай нойрсуулах сумаар буудан унтуулсныхаа дараа зөөвөрлөжээ. Баавгайг тухайн өдрийн орой нь устгалд оруулжээ.
Эх сурвалж: NHK World






