
Монголд шашны нэрийн дор далд бүтэцтэй, олон шатлалт элсүүлэх системтэй элдэв гаж урсгалуудын асуудал олон жил яригдсан ч өдгөө бодит эрсдэл ойрхон, илүү ноцтой хэмжээнд хүрсээр байна. Сүүлийн жилүүдэд хамгийн маргаантай нь Солонгосын “Шинэ тэнгэр газар” буюу Шинчонжи сүм. Энэ урсгал Монголд чимээгүй, нэвтэрхий толь шиг зохион байгуулалттайгаар тархаж, гэр бүл, хувь хүний амьдралд гүн хохирол учруулж буй талаар олон иргэд дуугарч эхэллээ.
Үүний нэг жишээ бол 2025.11.04-ны өдөр монгол дахь шашны гаж урсгал болох Шинэ тэнгэр газар урсгалын Монгол сувд сүмд явдаг ээж нь цуглаан дээрээ нас барсан, хүүхдүүдээ сатан гэж дууддаг гэх мэтийг дэлгэн хэвлэлийн бага хурал хийсэн явдал юм.
Энэхүү шашны урсгал Монгол Улсад хэзээ орж ирсэн, ямар үйл ажиллагаа явуулдаг, цаашид хэвээр байвал юу болох талаар Өрөг.мн сайт эх сурвалжуудтай холбогдон эрэн сурвалжлах нэвтрүүлэг бэлтгэлээ.
Бүтэн нэвтрүүлгийг энд дарж үзнэ үү.
Шинэ тэнгэр газар ба Монгол сувд сүм
Солонгост үүсэж хөгжсөн Шинэ тэнгэр, газар нь Монгол дахь /Монгол сувд/ салбараа Христийн 12 дагалдагчийн нэг Матайн нэрээр нэрлэн, аль болох олон хүмүүст И Ман Хигийн Библийн тайлбар номлолыг хүргэхээр зорин ажилладаг аж.
И Ман Хи Шинчонжи буюу Шинэ Тэнгэр газар урсгалын үүсгэгч
Тэгвэл Шинчонжи буюу Шинэ Тэнгэр газар урсгалын үүсгэгч И Ман Хи гэж хэн бэ?
Тэрбээр 1957 онд Тае Сун Пакийн удирддаг “Чидун модны хөдөлгөөн” сүмд элсэж 10 жил, 1970-аад онд Юү Жэ Ёлын “Майхан сүмд”, мөн Ман Вун Пэкийн “Майхан сүмд” итгэгчээр олон жил явжээ. Эдгээр удирдагчдын зарим нь итгэгчдээ мэхэлсэн, эмэгтэй гишүүдээ бэлгийн дарамтад оруулсан, ертөнцийн төгсгөлийн тухай буруу зөгнөл тараасан, сүмийн хөрөнгө шамшигдуулсан зэрэг хэргээр шоронд орж, сүмээсээ хөөгдөж байсан түүхтэй. И Ман Хигийн шашны үзэл, Илчлэл номын тайлбарлал нь тэдний сургааль дээр тулгуурлан бий болсон гэж судлаачид үздэг.
И Ман Хи ялангуяа Тае Сун Пакын сүмд явж байсан түүхээ нууцлах хандлагатай. Учир нь Пак 1959 онд итгэгчдийг залилсан болон эмэгтэй гишүүдээ олон удаа хүчирхийлсэн хэргээр 2.5 жилийн хорих ял авсан байдаг.
Өөрийн номлолыг түгээхдээ тэр “Библийг цорын ганц үнэн зөв тайлбарлах чадвартай хүн” гэж итгэгчдэд ойлгуулдаг. Харин Христийн бусад бүх сүмийг “ялзарсан, бурхны сургаалыг гажуудуулсан, Библийг буруу тайлбарлагчид” гэж шүүмжилдэг нь сүсэгтнүүдийг өмнөх итгэлээс нь салгах, өөртөө төвлөрүүлэх манипуляцын түгээмэл хэлбэр гэж судлаачид тайлбарладаг.

COVID-19 үеийн шуугиан
2020 онд Өмнөд Солонгост COVID-19 хамгийн өргөн тархсан анхны томоохон голомт Шинчонжи сүм болж, олон мянган итгэгч өвчилсөн. Эрсдэлийн үед И Ман Хи болон сүмийн удирдлагууд гишүүдийн бүрэн жагсаалтыг нууж, мөрдөн шалгалтад саад учруулсан гэх үндэслэлээр буруутгагдаж байв. Хэдий шүүх түүнийг вирусны хяналтын тухай хуулийг зөрчсөн зүйл ангиар цагаатгасан ч, нийгмийн бухимдал, олон улсын хэвлэлүүдийн анхаарлыг хамгийн их татсан мөч байв.
Харин санхүүгийн асуудлын хүрээнд шүүх түүнд сүмийн хөрөнгөөр тансаг байгууламж барих зэрэг асуудлаар буруутган 3 жилийн хорих ял оноосон ч, 5 жилийн хугацаатай тэнсэн харгалзах шийдвэр гаргасан нь мөн шүүмжлэл дагуулсан.
Итгэгчид түүнийг “бурхны амласан пастор”, Илчлэл номын нууцыг тайлбарлах “цорын ганц хүн” гэж үздэг бол, шүүмжлэгчид түүнийг маш хүчтэй харизмтай, манипуляц сайтай, сэтгэлзүйн нөлөөлөл үзүүлдэг удирдагч гэж тодорхойлдог.
Судлаачдын тайлбарласнаар Шинчонжид элссэн хүмүүсийн олонх нь И Ман Хигийн ярьдаг Илчлэлийн номын тайлбар, “сонгогдсон 144 мянган аврагдагсад”-ын тухай онолд татагддаг. Харин эсэргүүцэгчдийн зүгээс түүнийг шашны удирдагчаас илүү эрх мэдэл, байгууллагын хяналтад төвлөрсөн бизнесийн шинжтэй хүн хэмээн дүгнэдэг нь түгээмэл.

Шинэ тэнгэр газар шашны урсгал Монгол Улсад
Шинэ тэнгэр газар шашны урсгал нь Монгол Улсад 2016 онд орж ирсэн Монгол сувд сүмд үйл ажиллагаагаа явуулдаг.
2017, 2018 оны үед тус шашныг олон нийтэд хохирол учруулж буй талаар Вирус нэртэй суваг хоёр цуврал нэвтрүүлэг бэлтгэн хүргэсэн байдаг. Гэтэл яагаад өдийг хүртэл энэ сүм үйл ажиллагаагаа явуулж, өргөжин тэлсээр байгаа вэ? Нэвтрүүлгийг энд дарж үзнэ үү.
2016 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас нэг жилийн зөвшөөрөл олгосон ч иргэдийн хүсэлтээр эрхийг нь түдгэлзүүлсэн байдаг. Гэтэл Монгол Сувд сүм шүүхэд хандаж тус шийдвэрийг цуцлуулсан боловч эрхийг нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас дахин сунгаж өгөөгүй.


Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Хяналт шинжилгээ, үнэлгээний тасгийн дарга Д.Амарбаясгалан:
“Анхны шийдвэр бол нэг жилийн хугацаатай зөвшөөрөл олгосон. Тухайн нэг жилийн хугацааных нь зөвшөөрлийг 2017 онд нь сэргээгээд тухайн ондоо зөвшөөрлийн хугацаа нь дууссан. Түүнээс хойш тухайн байгууллага дээр зөвшөөрлийг сунгасан эсвэл зөвшөөрлийг дахин олгосон эрх зүйн үндэслэл, факт манай байгууллагад байхгүй”


Атал одоог хүртэл үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилсээр байгаагаа Монгол сувд сүмийнхэн тайлбарлахдаа:
“Манайх хязгааргүй зөвшөөрөлтэй. Сунгалтыг нь энэ жил хийнэ гээд шалгалтаар орчихсон байгаа”


Тэгвэл хязгааргүй зөвшөөрөл гэж байдаг уу?
Хязгааргүй эрх гэж байхгүй.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоосон журамд шашны байгууллагад олгох зөвшөөрлийг нэг жилийн хугацаатай олгоно гэж заасан байгаа.
Дахиад тэр хугацаагаа сунгах асуудлыг тухайн жил бүрдээ холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянаж үзээд дахиад олгох уу, үгүй юү гэдэг нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхийн асуудал байдаг.




2017 оны шүүхийн дүгнэлтэд Монгол сувд сүм Шинэ Тэнгэр газар шашны урсгалтай холбоотой гэх үндэслэл байхгүй гэж тусгагдсан байсан.
Атал маш олон гэрчүүд үүнийг нотлоод байгаа юм.

Шашны гаж урсгал гэж юу вэ?
Шашин Судлаач С.Дэмбэрэл:
Эрдэмтэн судлаачид шашны гаж урсгалыг итгэгчдийн сэтгэлзүй, санхүү, амьдралд хяналт тогтоох замаар эрх чөлөөг нь хязгаарлаж, нийгмээс тусгаарлан урт хугацаанд хамааралтай байдалд оруулдаг бүлэг, хөдөлгөөн гэж тодорхойлдог.
Тэдний гол шинж тэмдэг нь:
- Нэг хүн эсвэл давхар удирдагчийг “аврагч”, “онцгой эрх мэдэлтэй” гэж өргөмжлөх
- Гишүүдийн бодол, сэтгэлзүй, мэдээлэл авах орчныг хянах
- Бусад шашин, нийгмийн байгууллагыг дайсагнан үгүйсгэх
- Гэр бүл, найз нөхөд, ажил амьдралаас нь алгуур тусгаарлах
- Жирийн иргэдийг худал амлалт, айдас түгшүүрээр элсүүлэх
- Мөнгө, цаг хугацаа, хөдөлмөрийг нь зохисгүйгээр татан төвлөрүүлэх
- Сургааль, номлол нь бодит баримт, уламжлалт шашны тайлбаруудаас эрс зөрөх
Өөрөөр хэлбэл, гаж урсгал нь “шашин” гэх нэрийн дор хүний эрх чөлөө, оюун санааг хяналтдаа оруулж, амьдралд нь гэм хор учруулдаг бүтэцтэй бүлэглэл юм.
Шинэ тэнгэр газар (Шинчонжи) гаж урсгал мөн үү?
- Олон улсын болон БНСУ-ын судлаачид Шинчонжиг дараах шалтгаануудын улмаас гаж урсгалын шинжтэй гэж дүгнэдэг. Үүнд:
- Үүсгэн байгуулагч И Ман Хиг онцгой эрх мэдэлтэй, “Библийг ганцаараа тайлбарладаг”, “Бурханы илгээсэн элч” гэж өргөмжлөх
- Сургалт, элсэлт, мэдээллийн хяналт өндөр нууцлалтай, гаднын хүмүүст хаалттай систем
- Итгэгчдийг гэр бүл, найз нөхдөөс нь тусгаарлах, “гадаад ертөнц бол бузарлагдсан” гэх үзэл тараах
- Сэтгэлзүйн дарамт, айдас ашиглан элсүүлэх арга, “эртхэн аврагдахгүй бол төгсгөл ирнэ” гэх мессежүүд
- Санхүүгийн хандив, Солонгос руу тогтмол явуулах сургалтын зардлуудыг шаарддаг
- Бусад Христийн сүмүүдийг дайсагнан үгүйсгэж, “зөвхөн бид л аврагдана” гэх номлол түгээдэг
- Ковидын үеийн олон мянган халдварын голомт болсон, мэдээллээ нууцалж төрөөс нуусан нь БНСУ-ын хэмжээнд эрүүгийн хариуцлага үүсгэж байсан.
Эдгээр хүчин зүйл нь шашны гаж урсгалын нийтлэг 8-12 шалгуурыг бараг бүхэлд нь хангадгийг судлаачид онцолдог. Тиймээс Шинэ тэнгэр газар буюу Шинчонжи гаж урсгал мөн.
Эдгээрийг нотлох баримтуудыг харая:












Шинэ тэнгэр газар урсгалын Илчлэлт номонд бичигдсэн зүйлс
Монгол дахь Шинэ тэнгэр газрын Монгол сувд сүмээс энэ урсгалыг номлодог эсэх талаар нь асуухад:
И Ман Хи гээд Шинэ тэнгэр газрын урсгалын үндэслэгч Библийг гуйвуулан заадаг гэсэн энэ үнэн үү?
- Үгүй. Тэр сургаалыг бид нар үзэхэд яг л Библийн дагуу заадаг.
Манайх шинэ тэнгэр газрынх биш учраас шинэ тэнгэр газрынх гэсэн зүйлийг ярих хэрэггүй шүү дээ, тийм ээ.
Зөвхөн бид нар сургаалыг нь авч, тэрийг нягталж үзэж, сургаалдаа оруулахаас биш Шинэ газар тэнгэрийг дагадаггүй.


Монголын Эвангелийн Эвслийн Гүйцэтгэх захирал Б.Отгонбаяр:
Монголын Эвангелийн эвсэлд библийг үнэн, зөвөөр заадаг чуулганууд гишүүнээр байдаг. Монгол сувд шашны байгууллага Монголын Евангелийн эвслийн гишүүн биш.
Монголын Эвангелийн Эвслийн Удирдах зөвлөлийн гишүүн Г.Лувсангомбо:
Тэдний илчлэл номыг нэгд нэгэнгүй цээжлүүлж, тайлбарлаад зааж байгаа арга барил нь Солонгост байгаа нэг хүнийг онцгойлон тахин шүтүүлэх арга барил байгаад байгаа юм. Тэгэхээр чинь Библи өөрөө хүнийг тахин шүтүүлэх тийм юм ерөөсөө хийдэггүй. Тийм ч учраас бид үүнийг гажууд, гажуудчихсан, буруу сургаал, буруу тайлбарлаад байна гэж үзээд байгаа юм.
Энэхүү шашны байгууллага нь Монголд номлол сургаалиа дэлгэрүүлж, хүмүүсийг элсүүлэх, үйл ажиллагаагаа сурталчлахдаа Эрүүл амьдрах төв, Англи, Солонгос хэлний сургалтын төв, Оюунлаг төв, Сэтгэл заслын төвийн сургалт гэх мэт үйл ажиллагаагаар үр жимсээ хурааж, сайн мэдээ түгээх нэрийдлээр хүмүүсийн хэрэгцээнд тулгуурлан хуурч сургалтандаа элсүүлдэг. Удалгүй библийн гуйвуулсан хичээлээ орж эхэлдэг бөгөөд тэдний хичээлүүдээс харуулъя.












Энэ шашинд нэг орсон хүн гэр бүлээ хайрлах сэтгэлгүй эсэргүүцсэн хүн болгоныг сатан гэж дууддаг. Эсэргүүцсэн үед нь юу гэж хэлэх, хүн асуувал юу гэж хариулахыг нь хүртэл сургааль, номлолдоо заадаг байна.
Шинэ тэнгэр газар шашны урсгалаас болж олон гэр бүл салж, харилцаа нь хөндийрч эхэлсэн.
Итгэгчдийн ар гэрийнхэн энэ талаар:


10 жил Монгол сувд сүмд явсан нэгэн итгэгчийн гэр бүл:
“Би ээжтэйгээ ээж, охин шиг л баймаар байна. Гэтэл энэ сүмд явж эхэлсэн өдрөөс эхлэн зан ааш нь өөрчлөгдөж, ам нээх болгондоо нөгөө л нэг бурхныхаа талаар яриад өөр ярих ч юм үгүй болсон. Сүүлдээ бүр төрөл төрөгсдөөсөө ч хөндийрч, ураг удмын холбоо хүртэл тасарсан. Хамт амьдардаг дүү минь мөнхийн энэ ярианаас нь болж сэтгэлзүйд нь нөлөөлөн дөрвөн удаа амиа хорлох гэж оролдсон.
Ээжийн бие өвдөх шалтгаан нь шинэ хүмүүс олж элсүүлээд, сүмдээ явуулж чадахгүй байх юм бол тэрнээсээ болж их стрессддэг. Хэдхэн хоногийн өмнө 10 хүн цуглуулаад, гэрт нь очоод хичээл заахаар болсон чинь нөгөөдүүл нь завгүй гээд. Тэд нар яах вэ дээ тухайн үедээ л ээжийг аргалаад “өө тэгье, тэгье” гээд хэлчихсэн. Тэгсэн чинь ээж явах гэж байгаа юм байна гээд итгэчихсэн, нөгөөдүүл нь яваагүй. Тэрнээс болоод ээж бүр шоконд ороод даралт нь ихсээд, зүрх нь өвдөөд бараг л үхэнгээ алдсан.
Ээжийг Солонгос Улс руу төгсөлтийн баярт оролцуулна виз мэдүүл гэсэн байгаа юм. Хамгийн гол нь бүх зардал нь ээжээс буюу өөрсдөөс нь гардаг”


Түүний ээжтэйгээ утсаар ярьсан харилцан яриа:
Ээж: Би чамд хэлсэн шүү дээ, чөтгөр байгаа газар хүн үхнэ ээ, манайх чөтгөрийг байхгүй болгох гээд байна.
Охин: Та нар чинь Есүсээ биш тэр нэг Солонгос өвгөний Библийг худлаа тайлбарласан сургаалыг л шүтээд байдаг юм биш үү?
Ээж: 6000 жил худлаа тайлбарласан хүмүүсийн юмыг бид нар зөв болгоод дэлхий даяараа манайхыг шуураад ороод ирж байна. Яагаад монголчууд болохгүй байгаа юм. Яагаад та нар болохгүй байгаа юм ядаж.
Охин: Ээж та анхнаасаа л 144 мянган хүн бүрдчих юм бол бурхан бууна аа л гээд байсан. Одоо хэдэн 144 мянган хүн болоод бүрдчихлээ шүү дээ. Бүүр илүү гарчихлаа. Яагаад бурхан чинь бууж ирэхгүй байгаа юм?
Ээж: Бүрдэхгүй байна шүү дээ.
Охин: Бүрдчихсэн ээж ээ.
Ээж: Тэгээд яах юм, 144 мянган хүн бүрдчихээд бусдыгаа хаячих юм уу айн?


Шашны гаж урсгалаас болж нөхрөөсөө салсан эмэгтэй:
“Миний хамгийн их итгэдэг хүн ийм болсонд би үнэхээр гайхсан. Анх нэг найз нь англи хэлний сургалтанд суух уу гээд байнга ажил дээр нь очно, залгана сүүл рүү гээ хүн гуйгаад байхад нэг яваад үздэг юм бил үү гээд явсан. Гэтэл хичээл хийж байгаа шинжгүй шүүгээнээс нь библийн ном гараад ирсэн. Тэр болтол надад сургалтандаа сууж байгаа л гээд байсан юм.
Үүнээс хойш байнга завгүй ариун цэврийн өрөө орсон ч утастайгаа, унтсан ч утастайгаа. Сүүлдээ намайг элсэхийг гуйгаад эхэлсэн. Айл гэрт олон асуудлууд байдаг. Гэхдээ ийм нөхцөл байдал гэдэг төсөөлөхөд ч бэрх. Би шашин эсвэл гэр бүл гэсэн сонголт өгөхөд шашнаа сонгоод явсан.
Бидний дунд одоо 10 настай охин бий. Гэтэл надад хэлж байсан үгээ охиндоо хэлж эхэлсэн бүр сүм рүү гээ ч дагуулаад явсан байгаа юм. Би охиноо эрүүл сэтгэхүйтэй өсгөмөөр байна.
Зөвхөн би ч биш олон гэр бүл ийм асуудалтай байгаа. Энэ шашны хамгийн муухай нь ар гэрт нь асуудал үүсэхэд өөрийн хүнээ л авъя гэдэг би утсаар ярьж байхыг нь сонссон”


Тэдний салалтын шүүхийн тэмдэглэл
“Улсын үндэс суурь чинь гэр бүл мөн биз дээ. Гэрээ засаад төрөө зас гэдэг байтал энэ гаж урсгалын нөлөөгөөр салсан, сарнисан, тогтворгүй гэр бүлүүд олширсоор байна. Би салчихсан больчихсон гээд дуугай өнгөрмөөр байгаа ч бусдыгаа бодоод чадахгүй нь.
Санхүү мөнгөнийх нь хувьд тусдаа байсан болохоор нарийн сайн мэдэхгүй ч өглөө гэрээс гарахдаа хоол, цай хийгээд аваад гардаг байсан. Дороо элсүүлж байгаа хүмүүстээ л өгдөг юм шиг байгаа юм”


Монгол сувд сүмд нэг сар яваад гарсан итгэгч:
“Намайг анх авга ах хэлний сургалтанд суулгана гээд ятгасаар байгаад оруулсан. Эхэндээ номлол заагаад байхаар нь гарах гэж оролдсон ч авга ах байнга гуйгаад нөгөө хүмүүс нь хоёр гурваараа гэрт ирээд болохгүй аргагүйн эрхэнд яваад л байсан.
Тэд хүний тархийг маш сайн угаадаг. Ордог хичээлүүд дээр нь дэлхий сүйрэхэд Солонгос Улсад л очиж бүгд амьд үлдэнэ гэж ярьдаг. И Ман Хигийн төгсөлтийн баяр дээрээ очиход яриаг нь тасалж болохгүй учир том хүний памперс өмсүүлээд суулгадаг.
Би магистртаа сурах гээд ахаараа тал мөнгийг нь өөрөө тал мөнгөө гаргаад төлбөрөө төлчихсөн байсан ч энэ сүмд ороод заавал сурах шаардлагагүй манайд 6 сар сураад бүх мэдлэгээ авчихна гэж ухуулдаг байсан учраас би тэр боломжоо алдсан. Өргөлийн мөнгө гэж орлогийн 10 хувиа заавал өгдөг. Их өгөх тусмаа магтуулж, алдаршуулна.Тэгэхээр хүмүүс илүү их мөнгө өгөхийг л хүснэ. Би чинь тэгээд орлогогүй, ажилгүй сургалтанд суугаад л явж байгаа болохоор байнга мөнгө өгөөд байж чадахгүй сүүлдээ гэрийхнээсээ асууж эхэлсэн.
Тэр үед ах маань мэдээд, аав ээж хүртэл гадаадаас ирж намайг энэ зүйлээс гаргасан. Би өөртөө ч гэр бүлдээ ч ихээхэн хохирол учруулсан гэж боддог. Цаашид бусад хүмүүс бүү энэ зүйл рүү ороосой”


Ээж нь сүм дээрээ нас барсан охин:
“Өмнө нь байсан миний ээж бол тусч, хүнийг хайрлах сэтгэл дүүрэн хүн байсан. Гэтэл энэ сүмд явж эхэлсэн үеэсээ эхлэн зан ааш нь хувирч эхэлсэн.
Охин маань эмнэлэгт хэвтээд би гадаадад ээжээс өөр харж эмнэлэгт хэвтэх хүн байхгүй байхад “чөлөө өгөхгүй” гээд бөөн юм болсон.
Бие минь өвдөөд хэвтэж байхад орж ирснээ “Намайг харахаараа чи ингэж байна уу, бид хоёрын сүнс зөрчилдөөд байна” гэх зэргээр хэлж огт тоогоогүй. Тэгээд хэлэхээр яг галзуу хүн шиг чихээ дараад “Бурхны талаар ингэж ярьж болохгүй” гээд яг галзуу хүн шиг орилоод цохиод авдаг. Өдөр, шөнөгүй завгүй. Шөнө унтахдаа хүртэл чихэвчээ зүүгээд номлолоо сонсоод унтдаг.
Хүнийг ингэж шахаж, шаардаж байхад бие нь өвдөлгүй яахав дээ. Нэг талаас нь юмаа сур, номлолоо унш гэж шахаж, шаардаж шалгалт хүртэл аваад нөгөө талаас нь бид хэд эсэргүүцээд ээжид минь мэдээж хэцүү л байсан байх. Би зүгээр л ээжтэйгээ ээж охин шиг л баймаар байсан.
Монгол сувд сүмд явж байгаа итгэгчид гэр бүлийнхнээ явахыг шаарддаг нь ил”


Хүний Эрхийн Үндэсний Комиссын Гомдол хяналт, шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар:
Аливаа төрлийн шашинд өөрөө итгэх нь тухайн хүний эрхийн асуудал. Түүнээс биш тэр шашиндаа үр хүүхэд, гэр бүлийнхэн, найз нөхөд, хамаарал бүхий этгээдүүдээ заавал шүт, заавал даган баяс гэдэг ч юм уу ингэж албадах нь өөрөө хүний эрхийн зөрчил.
Та магадгүй хувь хүний ухамсар, өөрөө явахгүй л бол болоо биз дээ гэж бодож байж болох юм. Гэтэл маш нарийн тактик, сэтгэлзүйн тоглолт, тархи угаалтын системийн үр дүнд тэд шашны урсгалдаа бүрэн ордог байна.


Сэтгэлзүйч Я.Батхүү:
Шашны гаж урсгал гэж ярьж байгаа нь энгийнээр хэлбэл цэвэр тархи угаах тогтолцоог хэлдэг. Зарим хүн “яагаад ийм зүйлд итгэдэг юм бэ, ямар хүн л ийм бүлэглэл рүү ордог юм” гэж үл тоомсорлон ярьдаг ч бодит байдал нь өөр. Ийм урсгалд хамгийн “сул дорой” хүмүүс ордог биш, эсрэгээрээ амьдрал дээрээ асуудлыг шийдэж, хариуцлага үүрч явдаг ухаалаг, боловсролтой хүмүүс ч татагддаг.
Гол шалтгаан нь сэтгэлзүйн хэрэгцээ, айдас, итгэлийг нь ашигласан нарийн технологи.
Тэд хүмүүсийн өөртөө итгэх итгэлийг алдагдуулж, “чи өөрөө сонголтоо зөв хийж чадахгүй, чи төгс бус, нүгэлтэй хүн. Харин энэ сургаалд бүрэн дагавал бурхан чамайг төгс болгоно, зовлонгүй амьдруулна” гэж итгүүлдэг. Ингэснээр хүн тайвширч, амьдралынхаа том шийдвэрүүдийг хүртэл удирдагчдаар “сонгуулчихвал” алдаа гаргахгүй гэж бодох хэмжээнд хүрдэг.
Итгэл дээр ажиллах нэг тал нь энэ бол айдсаар барьцаалах тал нь нөгөө хэсэг. Ихэнх хүмүүс амьдралдаа тодорхой хэмжээний зовлон бэрхшээл туулсан байдаг. Ялангуяа бага насандаа хүнд орчинд өссөн, ядуу тарчиг амьдралтай байсан, орхигдсон, хүчирхийлэлд өртсөн, хөгжлийн бэрхшээлтэй, эсвэл ганцаардмал хүмүүс шашинд илүү эмзэг байдаг. Сэтгэлзүйн дэмжлэг, амьдралын утга учрыг хайж яваа ийм хүмүүст “аврагдана”, “зөвхөн энд л зовлонгоос ангижирна” гэх амлалт хүчтэй сонсогддог.
Иймээс асуудал нь хувь хүн “сул” байсанд биш. Харин тэдний итгэл, айдас, амьдралын туршлагыг онон ашигладаг гаж урсгалын бүтэц өөрөө асуудалтай гэсэн үг. Тэнд зөв үнэмшил, зөв чиглүүлэг биш, харин хүний дотоод хэрэгцээг ашигласан манипуляц давамгайлдаг.
Бүгд Найрамдах Солонгос Улсад нэгэнт тархиа угаалгачихсан хүмүүсийг эмчлэх мэргэжлийн зөвлөгчид байдаг. Харин Шинэ тэнгэр газар шашны урсгал итгэгчдээ тийш нь очуулахгүйн тулд тодорхой тайлбартайгаар тархийг нь угаадаг байна.


Шашны гаж урсгалын судлаач:
Гаж урсгалд орсон хүмүүс яагаад өөрийгөө гэмтээх тухай хүртэл боддог юм бол гэж гайхдаг байх. Гэхдээ тэд чинь нэг өдөр гэнэт тэгэхээр шийддэггүй, харин удирдагчдынхаа айлгаж, дарамталсан номлолд өдөр бүр өртөж байсаар аажмаар тэр түвшинд очдог юм.
Жишээ нь, тэд “Чиний мөнх амь одоо устах гэж байна, сүнсээ алдсанаас махан биеэ бага зэрэг өвтгөх нь дээр” гэж заадаг. Ингэхээр хүн бодох чадвараа алдчихдаг. Махан биеийн өвдөлт бол түр зуурынх, харин “мөнх амь” гэдгийг бол маш аймшигтай юм шиг ойлгуулчихсан байдаг.
Тэгээд бүр “Хэрвээ чи энэ газраас гарах хэрэгтэй бол гэртээ байгаа шампуниасаа жаахан уучих. Нас барахгүй, үхлийн аюулгүй. Гэхдээ амнаас чинь хөөс сахраад ирэхээр түргэн дуудах боломжтой. Тэгээд чамайг аюултай нөхцөлөөс аваад гарчихна” гэх заавар хүртэл өгдөг.
Ингээд эцэст нь хүн өөрт нь үнэхээр үхлийн аюул учирч байгаа юм шиг итгэчихдэг.
Манай Улсад шашны гаж урсгалууд ороод ирчихсэн асуудлууд томорч байгаа учир эргээгээд эднийг эмчлэх хэвийн болгох мэргэжлийн зөвлөгчид хэрэгтэй.
HWPL гэсэн бичигтэй үйл ажиллагаа Шинэ тэнгэр газар шашны урсгалтай холбоотой тул оролцохгүй байх хэрэгтэй.
Монгол Улсын Төр сүм хийдийн харилцааны тухай хууль 1993 онд батлагдсан. Одоогоос 32 жилийн өмнө гэсэн үг. Гэтэл бүх зүйл цаг нартай уралдан, хувьсан өөрчлөгдөж байгаа энэ үед үндэсний аюулгүй байдалд халдахуйц шашны гаж урсгалууд олноор ирж байгааг зохицуулах тодорхой хуулийн зүйл заалт алга. Тэр ч бүү хэл шашны мэдлэгтэй хүмүүс ч ховор аж.
Адаглаад зөвшөөрөл олгодог Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шашин хариуцсан хүн нь асар өндөр мэдлэгтэй байх хэрэгтэй. Шашны асуудлаар шүүхдэлцэж байхад шүүгч нь хүртэл мэдлэгтэй байх хэрэгтэй. Шашин бол буруу тийш эргэвэл үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц аюултай тул үүн дээрээ анхаарах цаг болсон гэж шашин судлаач С.Дэмбэрэл хэллээ.
Тэд санхүүгийн хувьд итгэгчдээсээ тогтмол орлогынх нь 10 хувийг авдаг. Өргөлөө өгөхгүй бол бурхны хаанчлалд орохгүй гэх мэтээр хүчээр өргөлийн мөнгийг нь авдаг байна.


Үүнээс гадна Шинэ тэнгэр газар гаж урсгалаас сэрэмжил facebook групп дээрээс маш олон хохирогчдын мэдээллийг харах боломжтой.












Шашны тоглоомын хохирогч болж буй Монголчуудад Шашны тухай хуулиа тодорхойлж шинэчлэх шаардлага үүсэж байна.
Өрөг.мн сайт шашны гаж урсгалын цуврал хоёр дахь нэвтрүүлгээ бэлтгэн хүргэлээ.
Гэрэл зургийг: Н.Мөнх-Эрдэнэ












Үйлс 5:36-38 Саявтар Тюд гэгч нэгэн гарч ирэн,өөрийгөө хэн нэгнээр өргөмжлөхөд, түүнтэй 400 орчим хүн нэгдсэн. Харин түүнийг алагдахад дагалдагсад нь бүгд тарж алга болцгоосон.37.Тэр хүний дараа Галилын Иуда гэгч хүн амын тооллогын үеэр гарч ирэн, хүмүүсийг өөрийнхөө араас дагуулав.Тэрч бас үхсэн.Дагалдагсад нь бүгд тарсан.38.Тэгэхлээр энэ удаагийн хэрэгт ч би та нарт хэлэхэд, энэ хүмүүсээс хол байцгаая.Тэднийг зүгээр явуулчих.Яагаад гэвэл хэрэв энэхүү зорилго, үйлс нь хүнээс эхтэй бол нурж унах болно.39.Хэрэв Бурханаас байгаа бол та нар тэднийгг дийлж чадахгүй төдийгүй харин ч та нар Бурханы эсрэг тэмцэгчид болох бус уу гэхэд 40.Тэд зөвлөгөөг нь авчээ. БИБЛИ СУДРААС