
Иргэд гурван өдрийн хугацаанд 102 аппликэйшнээр дамжуулан 30 мянга гаруй зөрчлийн мэдээлэл илгээжээ
2025 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр ЗХУТ-д мэдээлсэн иргэн, ААН-ийг урамшуулах журам хэрэгжиж буй. Энэ сарын 10-13-ны өдрүүдийн хооронд иргэд 102 аппликэйшнээр дамжуулан нийт 30,773 зөрчлийн мэдээлэл илгээжээ. Эдгээрээс хамгийн их буюу явган хүний зам дээр тээврийн хэрэгслийг байршуулсан 24,217 зөрчил бүртгэгдсэн байна. Ирүүлсэн мэдээлэлд үндэслэн дүрэм зөрчсөн холбогдох тээврийн хэрэгслийн жолооч нарт хариуцлага тооцож байгааг мэдээллээ.
Явган хүний зам дээр машинаа тавьсан, автомашинаа зогсоолд бусдын хөдөлгөөд саад болохоор байрлуулсан, автобусны буудал дээр машинаа тавьсан, авто замын нэгдүгээр эгнээг хааж, түр болон удаан зогсохыг хориглосон газарт автомашинаа байршуулсан зөрчлийг иргэд зургаар баталгаажуулж, 102 аппликэйшнд илгээх заавартай байна. Замын хөдөлгөөний зөрчлийн торгуулийн 10-20 хүртэлх хувийг иргэнд 11, 12 дугаар сарын урамшууллыг 2026 оны нэгдүгээр сарын 20-ны дотор, 2026 оны 1, 2, 3 дугаар сарын урамшууллыг дөрөвдүгээр сарын 20-ны дотор нэг удаа олгохоор журамд заажээ.






