
Улсын начин С.Багахүү, аймгийн арслан Г.Батням нар энэ сарын 1-ний өдөр Өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаанд баг дасгалжуулан оролцохдоо зүй бус үйлдэл гаргасан. Уг асуудлаар Монголын Үндэсний бөхийн холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл өчигдөр (2025.11.13) хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргажээ.
Монгол бөхийн ёс жудагт үл нийцэх зохисгүй үйлдэл гаргасан, ёс зүйн заалтуудыг зөрчсөн гэж үзэж С.Багахүүг хоёр жил , Г.Батнямыг нэг жил барилдах эрхийг нь хасжээ. Мөн Аймгийн хурц арслан Б.Өсөхбаяр өнгөрсөн долдугаар сард болсон Сэлэнгэ аймгийн баяр наадамд өрсөлдөгчөө үл хүндэтгэсэн үйлдэл гаргасан гэж үзэж гурван сарын хугацаанд барилдах эрхийг түдгэлзүүллээ.
Тухайлбал, “Ёс зүйн дүрэм”-ийн:
- 3.2.1. Монгол Улсын Үндсэн хууль, Биеийн тамир, спортын тухай хууль болон бусад хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, уламжлалт жудаг ёс, дэг журмыг чанд баримтлах,
- 3.2.4. Хууль бус, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлах аливаа үйл ажиллагаа явуулахгүй,
- 3.2.5. Холбооны дүрэмд заасан зорилго, чиглэлд болон Монгол үндэсний бөхийн уламжлал, жудаг ёсонд харш, үл нийцэх ажиллагааг явуулахгүй,
- 3.3.1. Монгол бөхөд аливаа хүчирхийллийн хэлбэрийг гаргахгүй, дэмжихгүй байх,
- 3.3.2. Хүчирхийллийн аливаа хэлбэрээс татгалзах,
- 3.4.1. Монголын ард түмний олон мянган жилийн үнэт өв болсон үндэсний бөхийг хүндэтгэн, бөхийн нэр хүнд, жудаг, ёс зүйг эрхэмлэж явах,
- 3.4.2. Үндэсний бөхийн барилдаанд оролцож байгаа бөхчүүд, жаяг дэгийн баг, тухайн барилдаан, түүнийг зохион байгуулагч, ивээн тэтгэгч, үзэгч, олон нийтэд болон өрсөлдөгчдөдөө хүндэтгэлтэй хандах,
- 3.4.3. Олон нийт, бөх сонирхогчид, хүүхэд залуучуудад Монгол Үндэсний Бөхөөр дамжуулан ёс суртахууны зөв төлөвшил, хүмүүжлийн үлгэр үзүүлэх,
- 3.4.4. Холбооноос зохион байгуулж байгаа аливаа барилдаан, бусад үйл ажиллагаанд оролцохдоо бусадтай адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, тэдний нэр төр, алдар хүнд, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэх; гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Харин өмнө нь эрхээ хасуулсан Өвөрхангай аймгийн начин М.Балжинням, Төв аймгийн начин Г.Болдбаатар нар алдаагаа засч, өсвөр залуу бөхчүүдэд сургалт зохион байгуулж ажилласан, алдаа дутагдлаа ухамсарласан байдал зэргийг харгалзан үзэж барилдах эрхийг нь сэргээсэн байна.







