
Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх хэсэг, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Баянхонгор болон Төв аймгийн зарим нутгаар малын өвөлжилт хүндрэх, зудын эрсдэл үүсэх өндөр магадлалтай байна
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арваннэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвийг гаргажээ. Энэ жилийн урьдчилсан тооцоогоор малын өвөлжилт нийт нутгийн хоёр хувьд нэн их, 16 хувьд их, 36 хувьд дунд, 29 хувьд бага, 17 хувьд хүндрэлгүй байх төлөвтэй байна.
Тодруулбал, Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх хэсэг, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Баянхонгор болон Төв аймгийн зарим нутгаар малын өвөлжилт хүндрэх, зудын эрсдэл үүсэх өндөр магадлалтай байгааг мэргэжлийн байгууллага анхаарууллаа.
Иймд зудын эрсдэлтэй бүс нутгуудад малчин өрх, орон нутгийн удирдлага цаг агаарын урьдчилсан мэдээ болон зудын төлөвийг тогтмол авч, богино, дунд, урт хугацааны мэдээллийг ашиглахыг зөвлөж байна. Мөн өвөлжилт хүндэрч болзошгүй үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, урьдчилсан бэлтгэлээ эртнээс бүрэн хангах нь малын эрүүл мэнд, эдийн засгийн хохирлыг бууруулах гол арга хэмээн мэргэжилтнүүд онцолжээ.






