
Швед улс зам дээр давс цацахаа больсноор олон мянган шувуудыг аварчээ
Шведүүд өвлийн улиралд зам дээр халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж, олон жилийн турш зам талбайд нуурын давс цацсаар иржээ. Сүүлийн үед инженерүүд болон байгаль хамгаалагчид зам дээр давс цацах нь байгаль орчин, зэрлэг амьтад тэр дундаа шувуудад сөргөөр нөлөөлж буй талаар анхааруулах болсноор Шведийн эрх баригчид зам талбай мөстөхөөс сэргийлэх шинэ арга олжээ. Зам талбайд давс цацсанаар давс ойролцоох гол мөрөн, нуур цөөрөм рүү орж, цэнгэг усны экосистемийг доголдуулдаг аж.
Цэнгэг усан дахь давсны хэмжээ аюулгүй хэмжээнээсээ давах нь гол нуурт амьдардаг загас, хоёр нутагтан, сээр нуруугүй амьтдад сөргөөр нөлөөлдөг байна. Түүнээс гадна их хэмжээний давс нь газарт шингэж, мод ургамал, хөрсийг сүйтгэдэг ба идэш ховордсон өвлийн улиралд зам дээр цацсан давсны үлдэгдлийг түүж идсэн шувуудад шингэн дутагдал, бөөрний эмгэг зэрэг эрүүл мэндийн асуудлууд үүсэж, шувууд олноороо үхэж үрэгддэг аж. Иймээс шведүүд замын халтиргаа гулгаанаас сэргийлэх хуучин арга техникээ халж, зөвхөн иргэдийн аюулгүй байдлыг хангаад зогсохгүй мянга мянган шувуудын амийг аврах аргыг олжээ. Тэд хүрэн манжинг боловсруулах явцад гардаг бүтэгдэхүүн болох молассыг элстэй хольж, зам дээр цацах нь нуурын давстай харьцуулахад байгаль орчныг бохирдуулах нь харьцангуй бага болохыг тогтоожээ.
Түүнчлэн моласс болон элсний холимог нь хөрсний чийгийг хадгалахаас гадна ялзрахаас хамгаалдаг. Мөн Моласс, элсний холимог нь тогтоц сайтай учир замын аюулгүй байдлыг удаан хадгалахад туслахаас гадна зам дээр дахин мөс үүсэхээс сэргийлэх ач тустай. Эцэст нь замын аюулгүй байдлыг хангах уг шинэ арга замын ачаар шувууд үхэж үрэгдэх явдал огцом буурснаас гадна нуурын давс шиг ойр ойрхон цацах шаардлагагүй учир халтиргаа гулгаанаас сэргийлэх шинэ арга нь илүү зардал багатай байгаа аж.






