
БНСУ-ын их сургуулийн элсэлтийн шалгалтад харааны бэрхшээлтэй сурагчид 13 орчим цагийг зарцуулдаг
Энэ пүрэв гарагт БНСУ даяар сүүлийн 7 жилд байгаагүй олон тооны сурагчид буюу 550 мянга гаруй сурагчид их дээд сургууль, коллежийн элсэлтийн шалгалт ( CSAT) өгч байна. CSAT шалгалтын дүнгээс хамаарч сурагчдын их дээд сургууль, коллежид элсэн орж чадах эсэх нь шийдэгдэхээс гадна ирээдүйн ажлын байр, цалин орлого, гэр бүлийн харилцаа нь хүртэл ямар байх нь уг шалгалтаас хамаардаг юм. Тийм ч учраас солонгосчууд энэ өдөрт ач холбогдол өгч, дэлгүүрүүд хаалгаа барьж, агаарын болон нийтийн тээврийн хуваарийг өөрчилж, шалгалтаасаа хоцорч яваа сурагчдыг цагдаа нар машинаараа хүргэж өгөх тохиолдлууд ч гардаг.
Ямар хичээлээр дагнан шалгалт өгч байгаагаас хамааран сурагчид солонгос хэл, математик, англи хэл, нийгэм болон байгалийн ухаан судлал, өөр бусад гадаад хэл, хятад ханз зэрэг хичээлүүдтэй холбоотой 200 орчим асуултад хариулдаг байна. Ихэнх сурагчдын хувьд CSAT шалгалт нь өглөө 08:40 цагаас эхэлж, 17:40 цагийн үед дуусдаг бол харааны бэрхшээлтэй сурагчдын хувьд уг шалгалтын үргэлжлэх хугацаа 1.7 дахин урт байдаг байна.
Харааны бэрхшээлтэй сурагч нэмэлтээр өөр гадаад хэлний шалгалт өгөх бол шалгалт оройны 21:48 цаг хүртэл буюу 13 цаг ч үргэлжлэх боломжтой бөгөөд дунд нь оройн хоолны завсарлага ч байдаггүй аж. Шалгалтын бүх материалыг брайль бичигт хөрвүүлснээр харааны бэрхшээлтэй сурагчдын шалгалтын материал бусад сурагчдынхаас 6-9 дахин зузаан болж ирдэг нь шалгалтыг хугацаа уртсахад нөлөөлдөг аж.
Өнгөрсөн жил БНСУ даяар CSAT шалгалтад харааны бэрхшээлтэй нийт 111 сурагч хамрагдсаны 99 нь сул хараатай, 12 нь бүрэн хараагүй байсан аж. Харааны бэрхшээлтэй сурагчдын хувьд CSAT шалгалтын солонгос хэлний хэсэг хамгийн хүнд санагддаг гэнэ. Учир нь стандарт тест голчлон 16 орчим хуудастай байдаг бол брайль бичигт хөрвүүлсэн нь 100 орчим хуудас болдог байна.
Брайль бичиг унших электрон төхөөрөмж ашиглаад ч шалгалтад зарцуулах хугацаа багасахгүйгээр барахгүй математикийн хэсэг дээр харааны бэрхшээлтэй иргэд брайльд хөрвүүлсэн хүнд хэцүү график, хүснэгтүүдийг зөвхөн хурууны өндгөөрөө мэдэрч хийхээс өөр аргагүй байдаг байна.
Өмнө нь харааны бэрхшээлтэй иргэд бүх бодолтоо толгой дотроо цээжээрээ боддог байсан бол 2016 оноос эхлэн брайль тэмдэглэл хөтөлдөг Hansone төхөөрөмж ашиглахыг зөвшөөрчээ. Гэхдээ харааны бэрхшээлтэй сурагчдын хувьд хамгийн хэцүү зүйл нь шалгалтын үргэлжлэх хугацаа бус шалгалтад бэлдэх материалын хүртээмжийн асуудал аж. Энгийн сурагчдын гар дээр CSAT шалгалтад бэлдэх номнууд 1 болон 3-р сарын хооронд ирж, тэд шалгалтдаа жил орчим бэлддэг бол брайль үсэгт хөрвүүлсэн материал 8 эсвэл 9-р сард л бэлэн болдгоос болж харааны бэрхшээлтэй сурагчид шалгалтад 2-3 сар л бэлдэж амждаг байна. Үүнтэй холбоотойгоор Өмнөд Солонгосын Хараагүйчүүдийн холбоо эрх баригчдаас уг асуудлыг шийдвэрлэхийг удаа дараа шаардаж байгаа аж.






