
Японы Фүкүока хотод болж буй мэргэжлийн сүмо бөхийн 2025 оны сүүлийн башё дуусах дөхөж байгаатай холбоотойгоор шинээр томилогдоод удаагүй байгаа Япон улсын Ерөнхий сайд Санаи Такаичи тус башёд түрүүлсэн бөхөд Ерөнхий сайдын нэрэмжит цомыг гардуулахдаа сүмо бөхийн дэвжээн дээр гарч, олон зуун жилийн уламжлалыг эвдэх эсэх асуудал олны анхаарлыг татаж эхэлжээ.
Сүмо бөхийн дэвжээ буюу дохё дээр эмэгтэй хөл тавих нь бүү хэл, хүрч ч болдоггүй уламжлалтай юм. Ирэх ням гарагт 11-р сарын башёгийн ялагчид Ерөнхий сайдын цом гардуулахдаа Санаи Такаичи дохё дээр гарах уу гэсэн асуултад Японы сайд нарын танхимын нарийн бичгийн дарга Минорү Кихара, “Ерөнхий сайд сүмо бөхийн соёл уламжлалыг хүндлэхийг эрмэлзэж байгаа. Засгийн газар одоохондоо энэ асуудал дээр ямар нэг шийдэл гаргаагүй байна. Бид Ерөнхий сайдын өөрийнх нь хүсэлтийг авч үзэн шийдвэрээ гаргана.” гэжээ.

Өнөөдрийн байдлаар эмэгтэйчүүдэд зөвхөн сонирхогчийн сүмо бөхийн тэмцээнд оролцох эсвэл шүүгч хийхийг зөвшөөрдөг байна. 1990 онд Японы сайд нарын танхимын анхны эмэгтэй нарийн бичгийн дарга Маюүми Морияама Ерөнхий сайдын өмнөөс цом гардуулахыг хүссэн ч сүмо бөхийн холбоо “манайх шиг соёл уламжлалаа дээдэлдэг нэг ч болов байгууллага үлдэх ёстой” хэмээн түүнд татгалзсан хариу өгч байжээ. Уг үйл явдлаас 10 жилийн дараа сүмо бөхийн холбоо Осакагийн захирагч Фүзэ Отад сүмо бөхийн дэвжээн дээр гарч, цом гардуулах хүсэлтэд нь удаа дараа татгалзсан хариу өгсөнтэй холбоотойгоор Фүзэ Ота түрүүлсэн бөхийн шагналыг сүмогийн дэвжээний хажууд зогсон гардуулахаас өөр аргагүй байдалд орж байжээ.
Одоогийн байдлаар Засгийн газар энэ тал дээр ямар нэг шийдвэр гаргаагүй байгаа бөгөөд Ерөнхий сайдынхаа
хувийн шийдвэрийг хэрхэх эсэхийг хүндэтгэн үзнэ гэжээ
2018 онд Маизүрү хотын дарга Риозо Татами сүмо бөхийн дэвжээн дээр үг хэлж байхдаа харвалт өгч, ухаан алдаж унасны дараа үзэгчдийн дунд байсан эмэгтэйчүүд Риозо Татамид анхны тусламж үзүүлэхээр дохё дээр гарсанд шүүгч чанга яригчаар эмэгтэйчүүдийг дэвжээнээс буухыг удаа дараа шаарджээ. Ухаан алдсан иргэнийг түргэн тусламжийнхан авч явж, эмэгтэйчүүд дэвжээнээс буусны дараа дэвжээн дээр эмэгтэйчүүд гарч дэвжээг бохирдуулсан гэж үзэн дэвжээ рүү давс цацаж, “ариутгасан” явдал нь олны бухимдлыг төрүүлснээс болж сүмо бөхийн холбооны тэргүүн олон нийтээс уучлалт гуйж байсан билээ.
Уг явдлаас хэдхэн хоногийн дараа Такаразүка хотын дарга Томоко Накагавад мөн л сүмо бөхийн дэвжээн дээрээс үг хэлэхийг хориглосонтой холбоотойгоор сүмо бөхийн холбооны зүгээс эмэгтэйчүүдэд хандах хандлагыг шүүмжилсэн Томоко Накагава олны дэмжлэгийг хүртэж байжээ. Ажиглагчид Ерөнхий сайд Санаи Такаичи сүмо бөхийн дэвжээн дээр өөрийн биеэр гарч, шагналын цомыг гардуулах нь эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчдийн хувьд маш том ялалт болохоос гадна эрх баригч Либерал Ардчилсан намын уналтад орсон нэр хүндийг дээшлүүлэх ач холбогдолтой гэж үзэж байгаа аж.


Видео мэдээ БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






