
Төв талбайгаар явж байтал монгол гутал, дээл, хүрэм, малгайгаа өвч бүрэн өмссөн, хээгүй сайхан монгол малчинтай тааралдаж, ярилцах завшаан тохиолоо. Түүнийг Ж. Батаа гэдэг. 66 настай гэхэд шүд эрүүл, алхаа гишгээ хөнгөн гэж жигтэйхэн. Тэрбээр Өмнөговь аймгийн Ноён сумаас иржээ.
Ж. Батаа гуайг Өмнөговийн баруун сумдад андахгүй гэнэ. Дээлээ хэлхгэр, бүсээ оодон хөрөглөж өмсдөг болохоор нь “Ханхар Батаа” гэдэг хоч өгчээ. Түүнтэй шүдээ хэрхэн эрүүл сайхан байлгах уу, хөдөөгөөр малчин залуус ховордож байна уу, монгол дээл хувцасны онцлог зэргийн талаар богино хугацаанд ярилцлаа.
Ж. Батаа гуай 1989 онд Улаанбаатарт ирснээс хойш өдгөө 36 жилийн дараа ирж байгаа нь энэ юм. Өмнөговь аймаг зуншлага сайхан байсан учраас энэ жил өнтэй өвөл болж, хүн мал тайван сайхан байгаа тухай тэр ярьж байлаа.
-Сайхан өвөлжиж байна уу?
-Сайхан өвөлжиж байна. Энэ жил Өмнөговьт сайхан өвөл болж байна. Мал тарган, ус сайтай. Сайхан цагийг ашиглаад нэг хот оръё гэж бодож ирлээ. Гэрээсээ гараагүй удлаа, зав чөлөө ч гарахгүй, малаа л дагасаар таарах юм.
-Таны хувьд хэдэн жил мал дагаж байна вэ?
-Би дөрөвдүгээр анги төгсөөд л малаа дагасан. Одоо нас явж байна. Малын дэргэд байсаар насыг өнгөрөөж байгаа хүн.
-Мал дагахын сайхан нь юу вэ?
-Цаг өнтэй бол мал дагавал ам тосдоно. Над шиг хүн малаа л дагахгүй бол өөр ажил хийж чадахгүй. Залууд малаа сайн маллавал боломжийн амьдарч болдог л юм.
-Танай хөдөөгөөр залуу малчид хэр их байна? Хөдөө эзэнгүйрч байгаа гэдэг үнэн үү?
-Байхгүй болж байна. Багачууд мал маллах дургүй болж, уул уурхай, цалинтай ажил руу орох болсон. Хүүхдүүдийн мал маллах сонирхол буурчээ.
Уг нь малчид олон байх хэрэгтэй, мал шиг сайхан аж ахуй байхгүй шүү дээ.

-Та хамгийн сүүлд хотод хэзээ орж ирсэн бэ?
-1989 онд орж ирсэн. Тэрнээс хойш бараг ирээгүй. Ардчилал ялах үед л орж ирж байжээ.
Улаанбаатар их өөрчлөгдсөн байна. Техник, хөгжил сайжирсан, хот гоё болж. Харин 89 онд ирэхэд жагсаж л байсан, одоо ч жагсаал болж байгаа юм байна. Эмч хүүхдүүд жагсаж байгаа гэнэ. Цалинг нь нэмээсэй.
-Төөрч байна уу?
-Би чинь одоо сохор мал шиг л хүн явна. Төөрөөд л.
-Таны дээл их гоё юм. Хэн хийж өгсөн бэ?
-Манай нэг дүү хийсэн. Малгайг маань хүү, аймгийн харцага Б. Гансүх авч өгсөн юм.
Би орос хувцас өмсдөггүй, хөдөөний хүн дээлээ өмсөөд явахад болдог. Намайг Өмнөговийн баруун сумдынхан андахгүй. “Ханхар Батаа” гэж хочтой.

-Та түрийвчээ монгол гутлынхаа түрийд хийчихсэн юм уу? Их мөнгө бий юу?
-Мөнгө бий, бий. Монгол гутлын түрийдээс юм хаягддаггүй юм даа хө.
-Малчин хүний түрийвчийг мал дүүргэдэг. Мах, ноос, ноолуураар. Малаа эдийн засгийн эргэлтэд оруулж чадаж байна уу?
-Тэтгэвэрт гарсан болохоор цөөхөн хэдэн малтай. Харин хүү нэлээд тэмээтэй. Би насныхаа турш тэмээ, адуу, бод мал маллаж ирсэн. Ноолуураар жилд 10 орчим сая төгрөг олдог. Яах вэ, болоод л байна. Харин манай нутгийн алуус олон малтай, хангалттай амьдарч байна.
-Та ер нь хүн сайхан амьдрахад юу хэрэгтэй гэж боддог вэ?
-Хөдөлмөрлөх хэрэгтэй. Ажилд биеэ хайрлахгүй зүтгэвэл болдог.
-Таны шүд их сайхан юм. Яаж ингэж эрүүл шүдтэй байна?
-Би сүү, цагаан идээ их идэж өссөн, 32 шүдтэй. Ажил хийж, хөдөлмөрлөсөн хүн эрүүл байдаг юм даа.







БАЯРЛАЛАА♥️.