
Монгол Шуудан ХК нь Оросын Холбооны Улс руу илгээх илгээмж, бараа бүтээгдэхүүний хүргэлтийн үнийг 45 хүртэл хувиар бууруулж, үндэсний үйлдвэрлэгч онлайн худалдаа эрхлэгчдэд экспортоо хямд өртгөөр, илүү үр ашигтай хүргэх боломж бүрдүүллээ.
Хөнгөлөлттэй тариф нь мөн ОХУ дахь гэр бүл, найз нөхөддөө илгээмж илгээдэг хувь хэрэглэгчдэд хамаарах бөгөөд илгээмжүүдийг Монгол Шуудан эх орондоо хүлээн авч, ОХУ-д Оросын Шуудангаар (Почта России) хүргэгдэх юм.
“Монголын үйлдвэрлэгч экспортлогчид гадаад зах зээлд гарах зардлын дарамттай тулгардаг. Тиймээс бид энэхүү үнийн бууралтаар дамжуулан тэдэнд бодит дэмжлэг үзүүлж, бизнес болон хувь хэрэглэгч бүрийн зардлыг хөнгөвчлөхийг зорьж байна. Үнэ буурсан ч үйлчилгээний чанар, найдвартай байдал хэвээр үлдэнэ,”
— хэмээн Монгол Шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн онцлов.
Илгээмжүүдийг Монгол Шуудан өөрийн тээврийн хэрэгслээр долоо хоног бүр хүргэж, байршил хянах системээр дамжуулан хэрэглэгчид хүргэлтийн явцыг хянах боломжтой.







