
МАН-ын Их хурал энэ амралтын өдрүүдэд /2025.11.15-16/ болно. Тэд Намын даргаа сонгон, батламжилж, Улс төрийн намын тухай хуулийн дагуу дүрмээ шинэчлэн батлах учиртай.
Намынхаа Их хурлаас гурав хоногийн өмнө Ерөнхий сайд Г.Занданшатар намын даргад нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн нь гаднаа гэнэтийн мэт харагдавч үнэндээ олон хоногийн өмнө тохироогоо хийчихээд гаргачихсан байсан шийдвэр аж.
Угаас МАН-ын дотоод хагарал, Д.Амарбаясгалан, Г.Занданшатар гэх 2 хүний “зодоон” хэрээс хэтэрч парламент, гүйцэтгэх засаглалын хэмжээнд хүрч Төрийн хямрал руу чирэх дөхсөн учраас намын дотооддоо ч дэмжлэг авахаасаа өнгөрсөн. Тиймээс Монгол Ардын Намд ирэх жилүүдийн сонгуульд ялалт авчирах шинэ дүр, шинэ хүн, нийгмийн хүлээлтэд нийцэхүйц залуу үеийн төлөөлөл хэрэгтэй болсон.
Д.Амарбаясгалан Бага хурал дээрээ олонхийн дэмжлэгийг авч намын даргаар сонгогдсон гэх ч эс хүлээн зөвшөөрч, Их хурлаараа асуудлыг эцэслэхээр болсон. Тэрбээр нүүрсний хулгайч хэмээн цоллуулж, УИХ-ын даргын албан тушаалаа өгч, хууль, хяналтын байгууллагаар шалгуулж буй.
Намын дүрмээ ярьж Ерөнхий сайд нь эрх баригч намын дарга байх учиртай гэжГ.Занданшатар гүрийж, элдэв аргаар зүтгэсэн ч түүний хувьд хамгийн сайн шийдэл нь шинээр намын дарга болох хүнтэй сайн тохироо хийх хувилбар үлдсэн нь энэ.
МАН-ын дарга хэн болох вэ?
Хувилбар 1:
Г.Занданшатарыг нэрээ татсан мэдэгдэл хийсэн даруй хэвлэлээр одоогийн Тэргүүн шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учралыг бичиж эхэллээ. Үнэхээр МАН-аас дарга болох дараагийн боломжит хувилбар нь ч тэр биз.
Хувилбар 2:
Х.Нямбаатарыг даваа гарагт зарим хэвлэлээр өвчний шалтгаанаар хотын даргын ажлаа өгөх гэнэ гэж бичиж эхэлсэн. Харин тэрээр үүнийг үгүйсгэсэн. Нэрээр дэвшүүллээ гэхэд нэр цэвэр, асуудалгүй хүнийг хүсэж буй МАН-ынхны хүлээлтэд тэр хүрэхгүй.
Хувилбар 3:
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Л.Оюун-Эрдэнийн талаас ахин нэр дэвшүүлэх магадлалтай. Гэхдээ түүнийг татах олон асуудал Эрдэнэтээс авахуулаад багагүй бий. Энэ нь түүнийг намынхныг нь хүлээлтэд хүргэхгүй байх талтай.
Одоогоор МАН дотор яригдаж буй хувилбарууд энэ. Хувилбар 1 Ерөнхий сайдтай хийсэн тохироо, намын их хурлын 2000 гаруй гишүүдээ хэрхэн багцалж чадснаас эцсийн шийдвэр хамаарна.
Урьдчилсан тохироог сийрүүлбэл, Г.Занданшатар, У.Хүрэлсүх нар Н.Учралд итгэл хүлээлгэж, ням гарагт Засгийн газрын ирэх таван жилийн хөгжлийн төлөвлөгөөгөө танилцуулахын өмнө тохироогоо эцэслэсэн гэх. Тиймдээ ч Ерөнхий сайд ажлаа үргэлжлүүлэн хийхдээ итгэлтэйгээр бүх сайд нарын хамт хэвлэлийн хурал хийсэн.
Г.Занданшатарын хувьд өөрөө Ерөнхий сайдаараа үлдэж, Н.Учралыг намын дарга болгохоор тохирсон нь тодорхой байна.
Тохироо ингээд дуусаагүй. Ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд Г.Занданшатар нэр дэвшиж, Н.Учрал ирэх жил Ерөнхий сайдын суудлаа ч авахаар болж.
Тун удахгүй /өнөөдөр эсвэл маргааш/ Н.Учрал намын даргад нэр дэвших болсноо зарлана.
Гэхдээ Д.Амарбаясгалан Дээд шүүхэд бүртгэгдээгүй ч намынхаа тамгыг атгачихсан суугаа. Тэрээр ямар мэдэгдэл хийх бол гэсэн хүлээлт бий.
Н.Учрал намын дарга болох нь Д.Амарбаясгаланд ч ээлтэй. Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын хооронд үүссэн ан цавыг ойртуулж, аль аль талд ойлголцлыг авчрах хүн ч тэр байж мэднэ.
Харин Л.Оюун-Эрдэнийн хувьд намын даргын асуудалд ямар тактиктай орж ирэх бол гэдэг нь нууц хэвээр байна. Олон тасгууд яригдаж байгаа ч Н.Учрал, Д.Амарбаясгалан нарын мэдэгдлээс ихээхэн шалтгаална.






