
Дорнодын хүү Нямбуугийн Пүрэвсүрэнгийн нэрийг найзууд нь “Сайханаа” гэж дууддаг. Учир нь анх эцэг эхээс өгсөн нэр нь Пүрэвсайхан байжээ. Гэвч төрсний гэрчилгээг авахдаа аав нь ахынхтай нь андуурч, хоёуланг нь “Пүрэвсүрэн” гэж бичүүлсэн байна. “Нэг ангид ороод багш намайг Пүрэвсүрэн гээд дуудахад л гайхаж билээ. Тэгээд гэрчилгээгээ харж байж андуурагдсан гэдгээ мэдсэн” гэж тэр инээмсэглэн дурсав.
Анх арван жилд байхдаа эдийн засагч болохоор зорьж, олимпиадуудад оролцож явсан ч амьдралын зам түүнийг өөр тийш хөтөлжээ. Монгол Улсын Их сургуульд элсэхдээ “ус судлаач” мэргэжлийг сонгосон тэрээр анхнаасаа мэргэжлээ солино гэж бодож байв. Гэвч ус, хөрс, байгаль дэлхийн уялдаа холбоог судалж эхэлснээр энэ ажилд дурлаж, тууштай суралцжээ.

Өдгөө тэрээр “Оюу толгой” компанийн Байгаль орчны хэлтэст Газар зүйн мэдээллийн систем болон Өгөгдлийн сангийн зөвлөхөөр ажиллаж байна. Харин энэ ажлын гараа “Газар зүйн хүрээлэн”-д эхэлжээ. “Оюутолгой” компанид анкет бөглөж өгөхдөө “Намайг ч авахгүй байх даа” гэж бодсон ч хоёр, гурван сарын дараа гэнэт утас дуугарч, түүнийг ажилд урьсан байна. “Тэр мөч хамгийн тодхон санагддаг. Итгэхэд бэрх ч их баярласан даа” хэмээн тэр дурсав.
Өдгөө Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд хариуцлагагүй уул уурхайгаас эвдэрсэн 600 га газарт техникийн нөхөн сэргээлтийн ажил хийгдэж байна. Энэ бол Н.Пүрэвсүрэнгийн удирдсан багийн гол ажлын нэг. “Анх ирэхэд энд дайн болчихсон юм шиг, энд тэндээ нүх, овоолго, шавар, усан цөөрөм дүүрэн байсан. Харин одоо газар тэгшилж, голын урсгал сэргэсэн. Байгаль өөрөө амь орж байна” гэж тэр хэлэв.


Хамгийн сайхан мөч нь нөхөн сэргээсэн газар руугаа гэр бүлээрээ очиж, хүүхдүүддээ “Энэ газар ингэж байсан юм шүү” гэж тайлбарлаж зогсох тэр мөч гэнэ. “Хүүхдүүддээ байгалиа хайрлахыг, амьдралд итгэж хичээвэл бүх зүйл сэргэдэг гэдгийг ойлгуулахыг хүсдэг” гэж тэр хэлэв.


Харин гэр бүлдээ цаг гаргахыг хичээдэг нэгэн. Өглөө хүүхдүүдээ сургуульд хүргэж өгөөд ажилдаа явж, орой бүгдээрээ маргаашийн төлөвлөгөөгөө ярилцдаг нь түүний амьдралын өдөр тутмын хэв маяг. “Хайртай шүү” гэх үгийг тэр тэр бүр хэлээд байдаггүй ч “Ээж, аавдаа итгэлийг нь алдахгүй, хүүдээ итгэсэнд баярлалаа” гэж энэхүү нэвтрүүлгээрээ дамжуулан хэлсэн юм.


Н.Пүрэвсүрэнгийн хувьд байгаль орчны ажил бол зүгээр нэг мэргэжил биш, харин ирээдүйдээ үлдээж буй итгэл юм. “Бид хийсэн ажлынхаа үр дүнг хэдэн жилийн дараа ирээд харна. Тэр үед мод ургаж, ойн санд бүртгэгдсэн байхыг харахад хамгийн бахархалтай мөч байх болно” гэж тэр хэлэв.


Тэрээр “Оюутолгой”-н Байгаль орчны хэлтсийн “Тогтвортой хөгжлийн баг”-т ажилладаг бөгөөд “100 сая мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд олон газарт ойжуулалтын ажил удирдан хэрэгжүүлж байна. “Байгальд итгэх итгэл, хүний хөдөлмөр хоёр нийлбэл бүх зүйл сэргэдэг” энэ бол түүний итгэл үнэмшил.






