
“Хайр харуусал дагуулах ёсгүй. Бие минь одой ч гэлээ, миний чамайг хайрласан хайр аварга том биет юм шүү. Хил хязгааргүйгээр намайг хайрласны чинь төлөө, хоёр сайхан хүүтэй болгосны чинь төлөө чамайг уучиллаа” гэж хэлээд тэр нулимсаа залгичихжээ.
Том хүүгээ хоёр настай, бага хүүгээ гэдсэнд байхад нь түүний нөхөр “ажилдаа явлаа” хэмээн гараад эргэж ирэлгүй орхин явжээ. Тэр цагаас хойш хоёр хүүгийнхээ төлөө эцсээ хүртэл тэмцэх болно хэмээн 13 жил шүд зуун зүтгэсэн эмэгтэй бол Ц.Мөнхзул.

Түүний өндөр 92 см, жин нь 33 кг. Тийм ээ, тэр сэтгэл зүрх томтой одой хүн. Одой хүн гэж хэлүүлж шоолуулахдаа уйлдаг байсан бол одоо түүнд энэ мэт үгс наалдахаа байжээ.
“Ажилдаа явна гэж гараад тэр чигтээ зугтан одсон тэр нэг эрд эхэндээ гомддог байсан ч одоо больсон. Зүгээр л тэгэж өөрийгөө зовоогоод яах вэ гэж бодох болсон. Анхнаасаа бидний учрал бүтэхгүй байсан ч юм билүү. Би чинь одой, манай хүн 182 см өндөртэй хүн байсан.
Гэхдээ хайр гэдэг зүйлээс гэгээн сайхныг нь мэдэрснээс хойш надад харамсах зүйл байхгүй. Одоо бол би шантрахгүй. Үртэй хүн үхдэггүй юм билээ гээд л зүтгэчихнэ” гэж тэр ярина.
Ц.Мөнхзул эгч ярилцлага өгөхөөр ирэхдээ уруулаа “бэйж” өнгийн будгаар будаж, хачин гоё эмэгтэй болоод иржээ.

20 гаруйхан насны цэл залуухан, хайр нь цээжиндээ багтахгүй явахдаа болсон хөгтэй явдлын талаар ингэж ярина:
“Том хүүгээ олчихоод эмчид хянуулахаар явахдаа нөхөр бид хоёр автобусанд суудаг байлаа. Заримдаа манай нөхөр намайг жаахан хүүхэд шиг өргөөд л явдаг байсан нь тэр л дээ. Гэтэл автобусанд сууж байсан хүмүүс ‘Хүүхэдтэй хүн орж ирлээ, суудал тавьж өгөөрэй’ гээд л орилов оо. Манай хүн ‘Миний эхнэр байгаа юм аа’ гэж хэлж чадалгүй нөгөө суудал дээр нь суучихсан. Тэгээд буугаад ёстой бөөн хөхрөлдөөн болж билээ. Би нөхрөөрөө тоглоом хийгээд л. ‘Одоо хоёулаа автобусанд суухдаа аав охин хоёр болчихож байя’ гэж цаашлуулдаг л байсан. Мөн сайхан цаг хугацаа байжээ”

– Танай хоёр хүү өсгөлүүн сайхан залуус болох шинжтэй шүү. Сая таныг түрээд л, нэг нь бүр сэпхийтэл өргөөд тавьчих юм?
– Харин тэр сайхан, гэгээн байсан хайрын үргэлжлэл энэ байхгүй юу. Анх том хүүгээ тээж байх даа “Яана аа, над шиг одой төрчих юм биш байгаа” гэж их санаа зовдог байлаа. Азаар хоёр хүү минь одой болж төрөөгүй.
– Анх ээж болоход ямар байсан бэ? Хэдэн насандаа ээж болж байв?
– Би одоо 37 настай. 1988 оны долоодугаар сарын 21-нд Нэгдүгээр эмнэлэгт 4 кг 200 грамм төрсөн юм. Гэтэл бага ангид суралцаж байх үед биеийн хөгжил үеийнхнээсээ төө хоцорсон юм билээ. Тайрдас, одой гэх зэрэг олон үгээр шоолуулдаг хүүхэд байсан шүү.
Тэр цагаас хойш 24 насандаа өөрөө ээж болж байлаа. Том хүүгээ төрөхөд ээж маань намайг хараад “ийм гоё мэдрэмжид автаж байсан болов уу” гэж хүртэл бодож байлаа шүү дээ.
Өөрийгөө ээж болчихно чинээ санаагүй. Өөртөө ч итгээгүй. Дахин дахин чимхэж үзээд л. Хоёр хүүгээ би кесар хагалгаагаар төрүүлсэн юм. Биений доод хэсэг мэдээ алдчихсан байхад “Би хүүхэд төрүүлсэн нь үнэн үү?” гээд л баахан чимхэж үзэж байгаа нь тэр.


– Та их хайр дүүрэн хүн юм аа. Бас их хөдөлмөрч хүн шиг санагдлаа. Уран бүтээлүүд их хийдэг бололтой?
– Хайрлахгүй бол үхчихнэ. Би шүр урлал хийдэг. 2013 онд “Уран зангилаа” төвд ирж сургалтад сууж байлаа. Тэрнээс хойш 12 жил тасралтгүй шүрээр уран бүтээл хийсэн байна.
Даллагын уут, чихрийн таваг, 12 жил, бүс, толгойн гоёл хийж зардаг. Асрамжийн мөнгө, группийн мөнгө нийлээд 500 гаруй мянган төгрөг болдог юм. Юмны үнэ тэнгэрт хадсан энэ үед түүгээр амьдарна гэж байхгүй. Хоёр хүүгээ хоолтой, ундтай, боловсролтой, эрүүл байлгая гэвэл заавал өөр нэг ажил хийхээс өөр аргагүй.
Овойж оцойтлоо мөнгө олохгүй ч гэсэн хааяа орж ирсэн захиалгууд дэм болдог л юм. Хүний гар хараад зүгээр суугаад байж болохгүй шүү дээ.
– Захиалга цөөвтөр ирдэг гэв үү. Таны хэтийн зорилго юу вэ?
– Бага сага ирнэ ээ. Харин нэг удаа захиалга өгсөн хүн заавал хоёр дахь удаагаа эргэж холбогддог. Чанартай, үзэмжтэй юм хийгээд байвал болно доо.
Миний хэтийн зорилго — өөрийн гэсэн жижигхэн урлантай болох. Өөрөө хүссэн цагтаа ирээд юмаа хийчихдэг газар надад хэрэгтэй. “Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ” гэж үг бий. Бага багаар хийгээд байвал мөрөөдөлдөө хүрнэ дээ.


– Та эхээс хэдүүлээ вэ? Ах дүү нар нь хэр дэм болдог вэ?
– Би айлын ганц. Үеэл ах, дүү нар олон бий. Тэд маань тусалж дэмнэлгүй яах вэ. Ямар худлаа хэлж, хулгай хийж тэднийхээ зүрх сэтгэлийг шаналгасан биш. Би ер нь эргэн тойрныхоо хүмүүсийг тийм хүн муутай гэж боддоггүй ээ.
Хэдийгээр жижигхэн биетэй болсон нь миний хувь тавилан, бусдад нялзаахгүй гэж боддог ч гэлээ, хааяа ах дүү нарынхаа дэм тусыг авахаар сайхан л байдаг.
– Эхээс ганцаараа гэв үү. Төрсөн ах, дүүтэйсэн бол гэж бодох үе байдаг уу?
– Айлын ганц хүүхэд байх хэцүү, хэцүү. Багтрал, баяртай, жаргалтай бүхнээ хуваалцах хүнгүй байна гэдэг тийм хүсэх зүйл биш. (уйлав)
Муу ээж минь одоо 70 нас гарч яваа хөгшин бий. Хөнгөн шингэн. Харин аав гэдэг хүн намайг гэдсэнд байхад салаад явсан юм гэнэ лээ. Би харж ч байгаагүй.


– Хамаатнуудад нь тань шиг биетэй хүн байгаа юу?
– Байхгүй. Бүгд асар өндөр хүмүүс бий. Сагс тоглодог залуус олон. Цагаан сараар тэдэнтэйгээ таарахаар “Та нарыг харахаар хүзүү хугарах гээд байна” гээд би тоглодог юм. Тэдний хүүхдүүд ч гэсэн хачин том биетэй. Тав, зургаадугаар ангийн хүүхдүүд нь л гэхэд намайг хэд нугалчихсан том байгаа юм чинь. “Та нар чинь жаахан хүүхдүүд байж яагаад надаас өндөр, том байдаг билээ” гээд л би тэднээр тоглодог юм.
– Та сонсголын аппарат зүүдэг юм уу, бас хөл тань гэмтчихсэн хэрэг үү?
– Энэ хоёроос өөр өвдөх өвчин байхгүй ээ. Ойр зууртаа бол хөл дээрээ явчихна. Гэртээ бол явган таваргаж өгнө. Дөрвөн жилийн өмнө нэг жижигхэн нүхэнд бүдрээд уначихсан юм. Атал маргааш нь хөдлөхөө байчихдаг юм даа. Өвчин намдаах эм гээд л өчнөөн арга хэмжээ авсан ч бүр хөдөлж чадахаа байсаан. Одоо харин ойр зууртаа л явдаг болоод байгаа нь энэ. Хоёр хүүгээрээ түрүүлээд л хоёр нарны хооронд явах юм байна шүү дээ.


–Хөлөө эмнэлэгт үзүүлээгүй юу?
–Үзүүлээгүй.
–Та хувцасаа хаанаас бэлддэг вэ? Таарах хувцас их бага байдаг уу?
–Сайн хайвал олдоно оо. Гэхдээ эгч нь багадаа өмсөж байсан хувцасаа л эргүүлж тойруулаад аргалчихдаг юм. Хэт хүүхдийн хувцас өмсөх бас их зохимжгүй байдаг. Нэг удаа манай арван жилийн найзууд уулзаад, тэгээд “Винсвэй” орсон юм. Гэтэл манай хэдэн найзыг “Яагаад жаахан хүүхэд дагуулчихсан явж байдаг билээ?” гээд л загнаж гардаг юм даа. Ёстой бөөн хөхрөлдөөн болсон.


– Тусгай хэрэгцээтэй хүмүүст манай нийгэм ер нь хэр ээлтэй байна вэ? Танд ямар асуудлууд тулгамдаж байна?
–Манай нийгэм бол амаргүй ээ. Ядаж л явах зам алга. Тэргэнцэртэй хүнд бол ёстой гонжийн жоо. Сая багш, эмч, ахмадуудын тэтгэвэр нэмэгдлээ сайн л хэрэг.
Гэхдээ нөгөө талд мань мэт хэцүүднэ л байх. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ суга өсөх байх. Наанадаж л талх, гурил, махны үнэ өсчихөөр яах билээ. Зарим хүмүүс “Халамж хавтгайрлаа” л гэдэг юм. Атал халамж байгаа нь оновчтой байвал мань мэт шиг хэчнээн хүнд, хэчнээн гэр бүлд бага ч гэсэн дэм болдог гэж санана.
Яг үнэндээ дарга нар л нас барсан хүний нэр бүртгүүлж халамж авч байсан энэ тэр муухай хэргүүд сонсогддог биз дээ. Гэтэл хүссэндээ тусгай хэрэгцээтэй болоогүй олон мянган хүмүүс бий. Тэр хүмүүсийг яаж амьдар гээ вэ.
Одоо ингэхээр халамж гориллоо гэх байх. Би юу ч гуйгаагүй шүү. Зүгээр л дотроо бодож явдгаа хэлж байгаа юм.
Ядаж л нээрээ тэргэнцэртэй хүн явж болох зам хэрэгтэй. Тэгээд тэр замаар нь явж байхад дайрчих гээд баймааргүй.
Хүн хүссэндээ хөгжлийн бэрхшээлтэй, намхан болж төрдөггүй юм шүү. Тиймээс нэгнээ хайрлаж байгаарай л гэж хэлье дээ.
ВИДЕО: Ц.Мөнхзул: Одой хүн байх хэцүү. Өрх толгойлсон ээж байх ч хэцүү. Гэхдээ би үртэй хүн үхдэггүй юм билээ гээд л зүтгэчихнэ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Б.МӨНХ-ОРГИЛ
СЭТГҮҮЛЧ: Х.УМААХАН




















зүгээр дэ сайхан гар урлал хийдэг юм бна хамгын гол нь эрүүл байхад бно до 2 хүүтэй хүн алзахгүй амжилт .би өөрөө гар урлал хийдэг .1 хүүтэй