
Монгол Улсын Ерөнхий сайдын 67, 68, 79 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2025 оны 10 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд Рио Тинто группийн төлөөлөгчидтэй уулзаж, хэлэлцээг эхлүүлэн зээлийн хүүг бууруулах, менежментийн үйлчилгээний гэрээг шинэчлэх, “Оюу Толгой” ХХК-ийн засаглалыг сайжруулах чиглэлээр хэлэлцсэний дүнд талууд зээлийн хүүг бууруулахаар тохиролцож, протоколд гарын үсэг зурлаа.
Энэхүү хэлэлцээг Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар ахалж, “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт ажлын дэд хэсгийн даргаар ажилласан бөгөөд хэлэлцээний үр дүнд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит 7 жилийн хугацаа 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дуусаж байгааг үл харгалзан хэлэлцээг үр дүнд хүртэл үргэлжлүүлэхээр Рио Тинто талтай тохиролцсон юм.
Мөн зээлийн хүүгийн хувийг олон улсын зах зээлийн стандартын дагуу тогтоох, зээлийн хүүтэй холбоотой бусад нөхцөлүүдийг авч хэлэлцэхээр тогтоод байна.
Менежментийн үйлчилгээний төлбөрийн тухайд олон улсын жишигт нийцсэн, шударга, хүлээн зөвшөөрөхүйц шийдлийг олохоор ажиллах, хэлэлцээний явцад ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өөрчлөхгүй байхыг эрмэлзэнэ хэмээн талууд тохиролцов.
Эхний удаагийн хэлэлцээ 11 дүгээр сар хүртэл түр завсарлаж байгаа бөгөөд Монголын талаас тавьж буй бусад нөхцлүүдийн талаарх шаардлагатай мэдээлэл, саналуудыг нягталж, ирэх сард үргэлжлүүлэн хэлэлцэнэ.







