
Их Британийн BBC агентлаг өнгөрсөн жил цацсан “Trump: A Second Chance?” баримтат кинондоо АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хэлсэн үгийг оруулахдаа үзэгчдэд ташаа сэтгэгдэл төрүүлэхээр эвлүүлэн оруулсан нь ил болсонтой холбоотойгоор BBC агентлагийн Ерөнхий захирал Тим Дэйви, BBC News хэлтсийн тэргүүн Дебора Тернесс нар ажлаа өгчээ.
Баримтат киног бүтээгчид АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын хоорондоо 50 минутын зайтай, өөр өөр сэдвээр хэлсэн үгийг нэг болгон эвлүүлж, үзэгчдэд Д.Трамп 2021 оны 1-р сард иргэдийг АНУ-ын Конгрессын байр луу дайран орохыг уриалж, эмх замбараагүй байдлыг илт дэмжсэн мэт сэтгэгдэл төрүүлэхээр эвлүүлсэн нь олны бухимдлыг төрүүлж, Их Британийн сөрөг хүчний консерватив намын тэргүүн Кеми Баденок BBC агентлагийн удирдлагуудыг огцрохыг шаардсан аж.
2005 оноос хойш тус агентлагт ажиллаж, 2020 оны 9-р сард Ерөнхий захирлаар томилогдсон Тим Дэйви BBC агентлагийн Ерөнхий захирлын хувьд тэрээр эцсийн хариуцлагыг үүрэх ёстой хэмээн албан тушаалаа өгснийхөө дараа мэдэгджээ.
Эх сурвалж:BBC News






