
Навч унадаг намар…
Энгийн хүнд бол өнгөний солилцоо, уран зураас мэт улирал.
Харин түүнд…
Намар түүний инээмсэглэлийг навчистайгаа хамт хийсгэчихсэн. Хэзээ ч дахиж ургахгүй “аав” гэдэг үгтэй нь хамт.
Бие нь тааруу хэрнээ дэргэд нь дүнхийж л байсан аав нь гэнэт хөрсөн доор орчихсон. Хөлийг нь хучиж амжаагүй байхдаа шарил дээр нь шороо асгах хүндхэн үүргийг хүлээж, “үнэн” гэдэг зүйлтэй улаан нүүрээрээ тулахдаа тэр дөнгөж долоон настай байсан юм.
Зулын гэрэлд, зуухны цогонд сэтгэл нь бүлээсэж өгөхгүй, аниргүйд автан суухдаа тэр амьдралд бууж өгөөгүй.
Арван жилийнхээ манлайд явахдаа тэр бусдын нүдэнд хагас өнчин хүүхэд гэсэн шошготой явснаа анзаараагүй байж. “Аавгүй биз дээ” гэх атаархсан охины үгэнд амархан бутарчихмаар байсан ч алаг нүдэндээ нулимс цийлэгнүүлээд очих ээжтэй хүн гэдгээ тэр мэдэж байсан юм.
Энэ явдлаас олон жилийн дараа, амьдрал түүнд дахин өөр хэлбэрийн намар, өөр өнгийн өвлийг авчирсан.
Тэр эх болсон.
Ээжийн эрхэм мэдрэмж, үрийн анхны амьсгал, хэвлийдээ шингэх амьдралын баяр баясгаланг мэдэрсэн. Гэвч тэр амьсгал зогсох мөчид, амьдрал нь үргэлжилсэн ч зүрхэнд нь байсан цаг зогсож, зүүдэнд нь ирсэн үр нь аавынх нь араас явчихсан.
“Миний хүүхэд хаана байна” гэж шивнэх бүрт хэнд ч хүрэхгүй үг нь хананд ойж эргэн, энгэр цээжийг нь сүлбэнэ. Хажууд нь хамт байсан ээжүүд бүгд үрийнхээ зулайг үнэрлэж, аз жаргалдаа автан байхад чинэрсэн хөхтэйгөө, татарсан нулимстайгаа тэр дахин “үнэнтэй” нүүр тулсан.
Өөрийгөө буруутгах, өрөөлөөр буруутгагдах гашуун үнэнтэй.
Энэ их зүйлийг туулсны дараа тэр амьдралд тодорхой зүйл нэг ч үгүй гэдэгтэй эвлэрсэн. Эд хөрөнгө, эр нөхөр, үр хүүхэд, ижий, аав бүх зүйл байгаа хэрнээ бүгд алга болох боломжтой. Тиймээс алхам тутамдаа аз жаргалыг мэдэрч, сэтгэлийн амар амгалан байдлыг эрэлхийлдэг болж.


Үүнд нь юу туслав гэтэл урлаг. Тэр дундаа урлагийн сэтгэлзүй. Бяцхан Б.Нарантулгаас эхлээд бие гүйцсэн бүсгүй хүртэл эдгэрлийг тэр энэ зүйлээс олж. Гэхдээ хэзээ ч бүтэн болохгүй сэтгэл гэдгийг мэдэж байгаа ч бусдад тусалж тэр дутуугаа дүүргэдэг. 11 сар бол “уй гашуугаа даван туулж буй хүүхдүүдийг ойлгох сар”. Өөр улсад л байдаг энэ зүйлийг нутагшуулж өөр шигээ, магадгүй өөрөөс нь ч хүндхэн нөхцөлд байгаа хүүхдүүдийг тэр анхаарч, анагаахыг хичээдэг болж.
Амьдрал хэмээх аялалынхаа амтыг тэр өнгө будгаар хоршуулж, аз жаргал дүүрэн алхаж явна. Өвөл ирэхэд тэр одоо айдаггүй. Цас шиг цайлган гуниг, салхи шиг нам гүм уучлалаар өөрийгөө тэр хучжээ.








