
Цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн хувьцаа эзэмшигчид тус компанийн гүйцэтгэх захирал Илон Маскад 1 их наяд ам.долларын урамшуулал олгохыг дэмжжээ.
Техасын Остин хотод болсон хувьцаа эзэмшигчдийн хурлаар хувьцаа эзэмшигчдийн 75 гаруй хувь нь гүйцэтгэх захирал Илон Маск ирэх 10 жилийн дотор “Tesla” компанийн зүгээс тавьсан зорилгуудыг биелүүлж чадсан тохиолдолд түүнд 1 их наяд ам.доллартай тэнцэх хувьцааг урамшуулал болгон өгөх саналыг дэмжжээ.
И.Маск ирэх 10 жилийн хугацаанд “Tesla” компанийн зах зээлийн үнэлгээг 6 дахин нэмэгдүүлэх, 20 сая автомашин, 1 сая роботыг борлуулах зэрэг гүйцэтгэлийн болон санхүүгийн томоохон зорилгуудыг биелүүлэх ёстой аж.
Илон Маск нь дэлхийн хамгийн чинээлэг хүн юм. Өнгөрсөн сарын эхээр Forbes сэтгүүл түүнийг хөрөнгө нь 500 тэрбум ам.доллар хүрсэн анхны хүнээр нэрлэсэн билээ.
Эх сурвалж: AP News






