
Данийн засгийн газар 15 нас хүрээгүй хүүхдүүдэд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох асуудлыг хэлэлцэж эхэлжээ.
Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен нийгмийн сүлжээ нь хүүхэд залуусын сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул хүүхдүүдэд нийгмийн сүлжээ ашиглахыг нь хориглох нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлж байсан билээ.
Тус улсын Цахим шилжилтийн сайд Каролина Стаге Олсен, “Нийгмийн сүлжээнүүд нь хүүхдүүдийн маань хүүхэд нас, эрүүл мэндийг хулгайлах замаар хөгжин цэцэглэж ирсэн. Бид үүнд цэг тавина.” хэмээн мэдэгдсэн бол парламентын гишүүдийн олонх нь уг шийдвэрийг дэмжихээ илэрхийлжээ.
Данийн хүүхэд залуус Snapchat, YouTube, Instagram болон TikTok зэрэг нийгмийн сүлжээнүүдийг хамгийн ихээр ашигладаг ба энэ оны эхээр хийсэн судалгаагаар дани хүүхдүүд өдөрт дунджаар 2 цаг 40 минутыг нийгмийн сүлжээнд өнгөрүүлдэг гэж гарчээ.
Жилийн өмнө Австралид 16-аас доош насныханд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох тухай хуулийн төсөл батлагдсан нь 12-р сарын 10-наас хэрэгжиж эхлэх юм. Ингэснээр тус улс ийм төрлийн хязгаарлалт тогтоосон анхны улс болсон юм.
Эх сурвалж: reuters.com






