
Сайн байцгаана уу, үзэгч, уншигч та бүхэндээ өнгөрсөн долоо хоногийн сонин, хачин мэдээллүүдийг Өрөг овогтой Сонингоо нь хүргэж байна. Анхаарлаа түр нааш нь хандуулаарай.
Улирал солигдож, хүйтний ам наашилж байгаатай зэрэгцээд ханиад томуу ихсэх болжээ. Хаа сайгүй найтааж, ханиалгаж явах хүмүүс олширсон байна. Би хүртэл ханиад хүрч, хамар гуншигнаж, халуураад хэцүүхэн явна. Та бүхэн эрүүл мэнддээ анхаарч, дархлаагаа дэмжээрэй. Ирэх долоо хоногт ихэнх нутгаар сэрүүсч, цас орно гэсэн шүү.


Эмч нарын ажил хаялт ойртлоо

Өвдөөд эмнэлэг явах хэрэг гарвал анхаар, эмч нар ажил хаялт зарлахаар зэхэж байна. Тэд ирэх Пүрэв гарагаас эхлэн ажил хаялт хийхээр болжээ. Өргөсөн тангаргаасаа буцдаггүй байсан эмч, сувилагч нар ингэж дуугарах болсон нь нөхцөл байдал ямар хүнд байгааг харуулна. Хэдэн жил ажиллаад ч цалин хөлс нь амьдралд хүрэхгүй, ээлжинд ч гарч чаддаггүй эмч нарын зовлонг ойлгох цаг иржээ. Энэ асуудлыг төр засаг яаралтай шийдэхгүй бол өвчлөлийн улирал эхэлж байгаа энэ үед хүндхэн нөхцөл байдал үүсэх нь.
Багш нар ажилдаа орж, хичээл орлоо
Харин багш нар ажил хаялтаа зогсоож, хичээл сургуулиуд хэвийн горимдоо орлоо. Шатахууны хомсдол ч шийдэгдэж, замын түгжрэл ч “ичээнээсээ гарсан юм шиг” эргээд хэвийн болж байна.


Хүүхдийн хүмүүжил – эцэг эхийн хариуцлага

Хичээл сургууль орсонтой зэрэгцээд, хүүхдийн хүмүүжилтэй холбоотой асуудал нийгмийн анхааралд орж байна. Арван жилийн сурагчидтай холбоотой зөрчил, хар тамхины хэрэг ч бүртгэгджээ. “Хүүхдээ өлсгөхгүй, дааруулахгүй байвал болоо” гэж бодох нь том эндүүрэл. Томоотой өссөн хүүхэд нь томоогүйд дарагдаж, эцэг эх нь хойрго хандвал нийгмийн асуудал болдог. Хүүхэдтэйгээ аятайхан ярилцаж, ойлголцохоос эхэлдэг хүмүүжлийн олон арга бий шүү дээ.


Монголын спортын бахархал

Өнгөрсөн долоо хоногт монголчуудын сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн зүйл бол сагсан бөмбөг байлаа. “Хүлэгүүд” маань Зүүн Азийн супер лигийн хэсгийн тоглолтуудад гурван хожилтой яваа. Сүүлд Солонгосын лигийн аваргыг 28 онооны зөрүүтэй буулгаж авсан нь бахархам амжилт.
Харин e-sport-ын талд “The Mongolz” баг шинэхэн тоглогч “Controlez”-ийг нэгтгэснээр хүчээ зузаатгаж, “Spirit”-ийг ч буулгаж авсан байна. Урагшаа, Монголын залуус аа!
Төсвөө хэлэлцэж чадаагүй л явна
Харин улс төрийн хүрээнд “төсөвтэй үлдэх үү, үгүй юу?” гэдэг асуулт яригдаж байна. Цалин, тэтгэвэр нэмнэ гэж амлахын зэрэгцээ тэр нь төсөвт хэрхэн суусан нь тодорхойгүй. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр дэд даргаа огцруулах уу гэдэг асуудалд унаад, төрийн ажлаа мартчих шиг.
Хэрвээ 11 сарын 15-ны дотор төсвөө баталж чадахгүй бол УИХ тарна гэсэн заалт бий. Тэгэхээр үнэхээр “сэтэрхий зүү ч үгүй, цай чанах сүү ч үгүй” болох вий дээ.
Ингээд өнгөрсөн долоо хоногийн гол онцлох мэдээллүүдийг Өрөг овогтой Сонингоо нь та бүхэндээ хүргэлээ.







яасанчцараймуутайюм
яасанчцараймуутайюм