
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэнд ойртуулах зорилготой “Police Support Zone” – цагдаагийн буланг байгууллаа
Эрүүгийн цагдаагийн албанаас “И-Март” сүлжээ дэлгүүр, “Покет ББСБ” ХХК-тай хамтран иргэд, олон нийтэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг илүү хүртээмжтэй хүргэх зорилгоор Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “И-Март” сүлжээ дэлгүүрт “Police Support Zone” буланг байгууллаа.
Энэхүү цагдаагийн булангаар дамжуулан хууль, эрх зүйн зөвлөгөө, цахим гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг авах, Facebook, Instagram, Gmail зэрэг цахим хаягаа сэргээж цахим орчинд аюулгүй байдлаа хамгаалах, 2 шатлалт хамгаалалт баталгаажуулах зэрэг үйлчилгээ авах боломжтой юм.
“Police Support Zone” нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр буюу 2025.11.07-ны өдөр зохион байгуулж, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Ж.Билгүүтэй, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн Мэргэжил арга зүйн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаяр, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бат-Эрдэнэ, Покет ХХК-ийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Төгөлдөр, Скай Хайпермаркет ХХК-ний Захиргаа, хүний нөөц эрхэлсэн дэд захирал Э.Халиун нар оролцлоо.
Та бүхнийг цагдаагийн булангийн үйлчилгээг ашиглан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн зөвлөгөө авахыг уриалж байна.









