
Амьдрал бол тэр л чигтээ “сорилт”. Харин тэрхүү сорилтыг хэрхэн, яаж давах, хараалсан байгаа онох эсэхийг гагцхүү хүн өөрөө л шийдэх болов уу. Тэсвэр, тэвчээр, хатуужил, хамгийн гол нь сэтгэлийн тэнхээ, зориг л шаардах байх.
Би боддог юм. Тамирчид тэр дундаа пара тамирчид тэр их олон цагийн бэлтгэл, сургуулилт, хүч бяр, өндөр сэтгэлзүй шаардсан ачааллыг сэтгэлийн их хүч, тэвчээр, зоригоор л даван гардаг байх даа. Үнэхээр л бахархам. Биширдэг гэх үү дээ. “Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийнхээ энэ удаагийн хоймортоо пара тамирчдын төлөөлөл түүн дотроо байт харвааны шигшээ багийн тамирчдыг хүндэтгэн урилаа.

Тэдний хувьд эмэгтэй болон холимог багийн төрөлд насанд хүрэгчдийн ДАШТ-нээс хос алтан медаль хүртээд эх орондоо амжилт дүүрэн ирсэн билээ.
-Сайн байцгаана уу? Юуны өмнө пара байт харвааны ДАШТ-нд алтан медалиа ихэрлүүлээд ирсэнд нь баяр хүргэе.
Пара байт харвааны ДАШТ-ний эмэгтэй болон холимог багийн төрлийн алт, хүрэл медальт, спортын мастер Д.Сэлэнгээ: Байт харвааны спорт анхнаасаа л сэтгэл татаж, намайг дурлуулсан


-Сайн байна уу? Маш их баярлалаа. Дэлхийн аваргын тэмцээнд нэг дасгалжуулагч, 5 тамирчин, 2 албаны хүнтэй амжилт дүүрэн оролцоод ирлээ. Тэгээд тухайн тэмцээнээс бид нар холимог багийн төрөлд алтан медаль, эмэгтэй багийн төрөлд бас алтан медаль аваад ирсэндээ баяртай байна.
-Өмнө нь өөрөө эмэгтэй багийн төрөлд ДАШТ-нээс хүрэл медаль мөн авч байсан?
-2022 онд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо пара байт харвааны ДАШТ-ий эмэгтэй багийн төрөлд Б.Жавхлантөгстэй хамт эмэгтэй багийн төрөлд хүрэл медаль авч байсан. Энэ удаад Б.Оюун-Эрдэнэ эгчтэй хамт эзэн орон БНСУ-ын багийг хожиж алтан медаль, холимог багийн төрөлд Н.Мөнхбаатартай хамт алтан медаль авлаа. Б.Оюун-Эрдэнэ эгч бид хоёрын хувьд 2021 оноос эхлэн Олон улсын тэмцээнд хамтдаа оролцож байна. Бэлтгэл сургуулилтаа хамт хийдэг болохоор бие биеийгээ маш сайн мэддэг.
Өмнө нь эмэгтэй багийн төрөлд л харваж байснаас холимог багт оролцож байгаагүй.


-Хэрхэн яагаад байт харвааны спортыг сонгох болов?
-Би 2008 онд Бээжингийн олимпыг зурагтаар үзэж байгаад л байт харвааны спорт ер нь их таалагдсан л даа. Тэр үед осолд ороод хөлөө гэмтээчихсэн байсан. Тэгээд зурагт үзэж сууж байгаад Д.Баатаржав ахыг харваж байхыг хараад л, ийм спорт байдаг юм байна. Надад их ойрхон, миний сэтгэл зүйд арай дөхүү юм шиг санагдсан л даа. Би чинь өөрөө дуу цөөтэй, хөдөлгөөн багатай хүн байхгүй юу. Нэг их яаран хөдөлдөггүй, төвлөрөөд л байж байдаг учраас энэ спорт их ойрхон юм шиг санагдсан. Ингээд л байт харвааны спортыг сонгоод хичээллэж эхэлсэн дээ.
Тэгээд Энхтуяа эгч маань надад санал тавиад ийм спорт байдаг юм аа гээд. Хамгийн анхны тэмцээндээ оролцоод, сэтгэлд маш гоё дурсамж үлдсэн. Үүнээс хойш энэ спортдоо дурлаад, хичээллээд явж байгаа.
Өөрөө өөртэйгээ өрсөлдөн, өөрийгөө ялан дийлэх мэдрэмж нь их гоё байдаг. Тамирчдын хувьд оноо маань улам өсөөд л, тасралтгүй тэмцээн уралдаанд оролцоод ирэхээр маш их хатуужилтай болчихдог юм шиг санагдсан.


-Энэ спортын торгон мөч, яг тэр “Соронз” нь юу вэ?
-Сум харвачхаад л, зөв харвалтаа хийх тэр моментууд их гоё байдаг. Тамирчид саадагандаа сумаа хийчихсэн, алхаж явахад сар, сар гээд л дуугаргаад явж байгааг сонсоход л тэр мэдрэмжүүд бас гоё. Дурдаад байвал гоё гоё мэдрэмжүүд зөндөө бий.
-Яг медалийн төлөөх финалын харвалтууд хийхийн өмнөх сэтгэлзүйн бэлтгэл, тэр мөч маш чухал байх?
-Одоо финалын харвалт болно гээд бид нар урд өдөр нь амарч таарсан. Өмнөх өдөр нь аль болох сэтгэлзүйгээ тайван байлгахыг хичээж, өөртөө ачаалал болгож өгөхгүйг хичээж байсан. Тэгээд л Оюун-Эрдэнэ эгчтэйгээ нэг өрөөнд хамт байсан болохоор сайн ярилцаад л, бид хоёулаа бие биеийнхээ сэтгэл санааг дэмжээд л, бие биеийнхээ анхаарлыг сарниулахыг хичээгээд л цагийг илүү чөлөөтэй өнгөрөөхийг эрмэлзэж байсан. Бүх зүйл яг л болчих юм шиг санагдаад, гоё эерэг мэдрэмжтэй байсан л даа.


-Гадаа талбайн спорт учраас салххитай, бороотой ер нь цаг агаар ямар байсан ч харваж л байдаг. Тиймээс тамирчны бэлтгэл сургуулилт, сэтгэлзүйтэй өндөр хэмжээнд хорших ёстой болов уу?
-Бид нар 70 метрийн зайд харвадаг. Ерөнхийдөө далан метрт яваад, ирнэ гэхээр өдөртөө 5-10 км алхчихсан байдаг. Түүнээс гадна бид нарын нум эвшээлгэж татдаг учраас дунджаар 18-20 кг-ийн хүнд ачаа өргөх хэмжээний хүч бяр шаарддаг. Килограммаар тооцвол нэг өдөрт 1-5 тонн нэг удаа л өргөөд буулгачихсан тийм ачааллыг бие дээрээ авсан байдаг.
-Цаашдын зорилго?
-2028 оны паралимпын эрхийн тэмцээнүүдэд амжилттай оролцож, чансаа оноог илүү ахиулан, эрхээ авах зорилготой. Хайртай спортоороо тууштай хичээллэж, хөдөлмөрлөн амжилтаа өндөр ахиулах зорилго тээж яваа.
Ярилцсанд баярлалаа.


Пара байт харвааны ДАШТ-ний холимог багийн төрлийн алтан медальт, спортын мастер Н.Мөнхбаатар: Багийн спорт учраас бие биенээ дэмжих, харилцан ойлголцох нь чухал
-Сайн байна уу? Багийн төрөлд хоёр тамирчин хоёулаа л маш сайн хичээж, бие биеийгээ харилцан ойлголцож, нэгнийгээ дэмжин, сэтгэлзүйгээ өргөлцөн, ингэж оролцдог болохоор ер нь их сайхан байсан.
-Монголчууд “Бээжин-2008” зуны паралимпын наадмын аваргатай. Байт харвааны тамирчин Д.Баатаржав тус паралимпэд аварга болж байсан. Та бүхэнд тамирчдын өмнөх амжилтууд маш их хүч, урам зориг өгдөг байх?
-Миний анхны багш Д.Баатаржав гуайн хүү Золбоо гээд багш бий. Одоо пара шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Тэгэхээр надад амар байдаг. Бид нар чинь Монгол Улсдаа эрүүлийхэнтэйгээ хамтдаа тэмцээн уралдаанд оролцоод явчихдаг. Тэгэхээр онооны түвшин өсөхөд маш сайн нөлөөтэй байдаг. Энэ тэмцээнд бол сайхан хос медальтай ирж дэлхийн аваргын амжилтыг ерөнхийдөө ахиулж ирсэндээ маш их таатай байгаа.


-Спортоор хичээллэхэд урам зориг, эрч хүчийг авдаг?
-Дуртай спортоороо дурлан хичээллэж, тэмцээндээ амжилт үзүүлээд, чансаа оноо нэмэгдээд ирэхээр улам л урам авна. Спортоор дамжуулан бид олон хөгжлийн бэрхшээлтэй залууст эрч хүч, ухаарал өгдөг байх гэж боддог.
-Байт харвааны спортын хамгийн гоё мэдрэмж нь юу вэ?
-Нум болон сум нь их чамин шүү дээ. Өөрт дуртай өнгөөрөө, өөртөө ээлтэй өнгө бүх зүйлээрээ нум, сумаа гоёчихоод л барьж болдог. Шинэ нум, шинэ сум хийчхээд л, харваад зогсож байх тэр мэдрэмж их гоё шүү дээ. Хүн нэг шинэ хувцас өмсчихөөр ямар байдаг билээ. Яг л шинэ машин авчихсан ч юм шиг, шинэ нум авчхаад харваад зогсож байх тэр мэдрэмж маш гоё л доо. Тэгээд л үе давдаг, тоглоом шиг бага багаар ахиад л урагшаа ахих тэр мэдрэмжүүд нь маш гоё байдаг.


-Дэлхийн аварга болчихоод тэр үед төрсөн сэтгэгдэл?
-Манай дэлхийн аваргын финалын харвалтын тайз маш том байсан. Тайзан дээр гарч ирэх мөч, тэр урдуур битүү камер зураг, аваад л, тайзан дээр ганц хоёрхон хүн, харвахаас илүү тийм нэг гоё мэдрэмжүүд байгаад байсан.


-Дараагийн төлөвлөгөөг сонирхоё?
-Бэлтгэл сургуулилтаа уйгагүй хийж, 2028 оны Лос Анжелесийн паралимпын наадамд өндөр амжилт үзүүлэхээр зорьж яваа. Мэдээж бэлтгэл сургуулилт чухал хэдий ч Монгол орны хувьд жилийн 4 улиралтай учраас өвөл ирэхээр бид зааландаа бэлтгэлээ хийдэг. Энэ нь зай талбайн хувьд гадаа талбайд харвахаас өөр, богино зайтай байдаг учраас тэр тал дээр жаахан асуудал бий.
Гэхдээ бид шантрахгүй хичээсээр л байна.


Пара байт харвааны шигшээ багийн дасгалжуулагч Б.Золбоо:
-Сайн байна уу? Тамирчдынх нь ур чадвар улам бүр өсөж байна. Сэтгэгдлээ хуваалцана уу?
-Тамирчдын маань ур чадвар маш сайн байгаа. Онооны хувьд өндөр. Судалгааны хувьд дэлхийн аваргаас медаль авъя гэвэл хамгийн багадаа 35-аас дээш оноо цуглуулж байж зорьсон зорилгодоо хүрнэ. Топ багуудтай өрсөлдмөөр байвал 36-аас дээш оноо авч байж ялна. Манай багийн тамирчид Хятадын хамгийн топ багтай өрсөлдсөн. Италийн 2 баг бол Хятадыг дандаа л 36-37 оноогоор ялсан.
Тамирчид маань 5:1 онооны харьцаатайгаар Хятадын багийг буулгаж авсан. Италийн багтай бас мөн адилхан өрсөлдөж, ялсан.


-Хөгжлийн бэрхшээлтэй тамирчидтай ажиллахын хүнд хэцүү болоод сайн сайхныг та хэрхэн тодорхойлох вэ?
-Асуудлууд гарна, хүнд ч зүйл гарна, баяр баясгалантай ч үе бий. Тэднийг гомдоох ч юм гарна, хатуу ч үг хэлнэ, уурлуулна, уйлуулна, юм юм л болно. Заримыг нь уйлуулаад л, заримыг нь баярлуулаад л. Дасгалжуулагч хүний нарийн торгон мэдрэмж их чухал. Шигшээ багаа бүрдүүлэхдээ энэ жилийн сонголт маш мэргэн байлаа. Ур чадвар сайхан байлаа, хоёр тамирчин маань сайн ч амжилттай оролцлоо.


-Хүнээр хүн хийнэ гэдэг нь дасгалжуулагчаас урт хугацааны хөдөлмөр, сэтгэл, мэдрэмж шаарддаг ажил?
-Спортод бол ер нь ардчилал байхгүй. Сахилга бат, дэг журам, диктатур, цэрэгжилтийн байдалтай гэдэг шиг л хатуу чанга л байж, тамирчнаас амжилт гарна. Хайр байх тусам тамирчин хөлс бага гаргана.
Иймээс өглөө мандахын нарнаас авхуулж бэлтгэл хий, бусдаас түрүүлж үг сонс, бусдаас түрүүлж хөдөл, тэгж байж чамаас юм гарна гэдэг зүйлийг л ер нь тамирчдадаа их ойлгуулахыг хичээдэг дээ.


-Аав тань байт харвааны “Бээжин-2008” паралимпын наадмын авара, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, тамирчин Д.Баатаржав. Та өөрөө бас харвадаг байсан. Одоо ингээд дасгалжуулагчийн албанд шилжээд ажиллаж байхад хариуцлага, үүрэг өндөр бий болов уу?
-Тамирчны нэг зогсоол буюу нэг байрандаа зогсоод харвах тохиолдол их нарийн Байрлал өөрчлөгдөж ч болно. Ер нь бүх зүйл дээр л аавынхаа хэлсэн сургаалийг дагаад, замналыг нь биелүүлэхийн тулд дасгалжуулагч болсон. Ингээд л аавынхаа дутууг гүйцээх юмсан гэж бодож байсан. Манай аавд ганцхан медаль дутуу байсан нь дэлхийн аваргын нэг ч медаль байгаагүй, бусад бүх том тэмцээн уралдааны медаль алтан медаль нь бий.
Иймээс 2022 онд дэлхийн аваргаас эмэгтэй багийн төрлөөр медаль авчхаад л бас л аавынхаа дутууг гүйцээлээ. Тэгэхдээ өнгө нь биш байна, өнгийг нь өсгөөд сайжруулах хэрэгтэй, алтан медаль болгочих юмсан гэсэн бодол тухайн үед тээсэн. Түүнд хүрэхийн тулд маш их бодлого боловсруулна, маш их юм бодно, маш их судалгаа хийнэ, гаднын багш нартай уулзана, ярилцана тэднийд очиж бэлтгэл хийнэ, тэндээс үг авна, эндээс үг авч байж өнөөдрийн амжилт бүтэж байгаа.


-Энэ спортын онцлог?
-Өөрөө өөртэйгөө харвадаг, өөрөө өөртэйгөө ярилцаж харвадаг спорт болохоор бэлтгэл болон тэмцээн хоёр дээр сэтгэлзүй яг адилхан байх ёстой. Ерөөсөө л техникийн спорт. Тийм болохоор 1-рт нум сум маш чухал. 2-рт тамирчны харвалт нум, сумтайгаа нийцэж байж, тухайн хүний сэтгэлзүй нь тайвшрал авч байж, сайн харвах үндэс болдог.
Тамирчдаа медалийн төлөө гараад зогсож байхад ямар гоё бардам байдаг гээч. Энэ бол монголчууд шүү дээ. Энэ бол зөвхөн Монголын тамирчид өнөөдөр энд гарч ирж байгаа, Монголын нэр төр, Монголын ард түмний бахархал гээд л тэгэж боддог доо.


“Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






