
Эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээр дагнасан Оросын “Проект” сайт ураг төрлийн холбоо бүхий хүмүүс, найз нөхдөдөө давуу байдал олгосон төрийн албан хаагчдын тухай бэлтгэж буй “Отцы и дети” төслийнхөө хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ураг төрлийн холбоо бүхий 24 хүнд төрийн өндөр албан тушаалд томилогдоход нь тусалсан болохыг олж тогтоожээ.
“Проект” сайтын сэтгүүлчид Ерөнхийлөгч В.Путины хүүхдүүд болох Мария Воронцова, Катерина Тихонова нарын гэр бүлийн гишүүд, үеэлүүд болох Евгений Путин, Игорь Путин, Любовь Шеломова, Любовь Круглова нарын гэр бүлийнхэн төрөөс ямар нэг байдлаар мөнгө авсан болохыг, мөн Оросын төрийн тэргүүн экс эхнэр Людмила Очеретная, Алина Кабаева болон нэр холбогдож байсан Светлана Кривоногих, Алиса Харчева нарын гэр бүлийн гишүүдэд төрийн албанд ороход нь тусалсан болохыг олж тогтоожээ. В.Путины үеэл Евгений Путины охин Анна Цивилёва нь Батлан хамгаалахын орлогч сайд, хүү Михаил Путин “Газпром” компанид өндөр албан тушаалыг хашдаг бол А.Цивилёвагийн нөхөр Сергей Цивилёв Эрчим хүчний сайдаар ажилладаг аж.
Түүнчлэн В.Путины авга хүргэн Виктор Хмарин төрийн өмчит эрчим хүчний “Русгидро” компанийн ерөнхий захирлын албан тушаалыг хашдаг аж. “Проект” сайтад бичсэнээр Оросын үе үеийн удирдагч дундаас Ерөнхийлөгч В.Путин төрийн албанд оруулж өгсөн ураг төрлийн холбоо бүхий хүмүүсийнхээ тоогоор рекорд тогтоожээ. Түүнтэй харьцуулахад ОХУ-ын Ерөнхийлөгч агсан Борис Ельцин ураг төрлийн холбоо бүхий 5 хүрэхгүй хүнийг төрийн өндөр албан тушаалд томилж байжээ.






