
ОХУ-ын Волгоград мужид байрлах “Лукойл” компанийн газрын тос боловсруулах үйлдвэр өнгөрсөн пүрэв гарагт Украины дроны халдлагад өртсөний улмаас үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн талаар Reuters агентлагт мэдээлж байна.
Эх сурвалжуудын Reuters агентлагт мэдээлснээр Украины дроны цохилтын улмаас өдөрт 9000 гаруй тонн газрын тос боловсруулах, 11 мянган тонн түүхий эд цэвэрлэх зориулалттай төхөөрөмжүүд эвдэрчээ.
Волгоград мужийн захирагч Андрей Бочаров өнгөрсөн пүрэв гарагт Украины дроны халдлагад 24 давхар орон сууц өртөж, үйлдвэрийн бүсэд гал гарч, нэг хүн амь үрэгдсэн талаар мэдэгджээ.
Өнгөрсөн онд Волгоград дахь “Лукойл” компанийн үйлдвэр нийт 13.7 сая тонн нефть боловсруулсан ба энэ нь ОХУ-ын 2024 онд боловсруулсан нийт газрын тосны 5.1 хувийг эзэлж байжээ.






