
Улсын нийслэл Улаанбаатар хотын гэр хороололд 300 мянга гаруй айл өрх амьдардаг гэсэн тоо бий. Нийслэлчүүд бидний өдөр бүр алхдаг зам талбай шинэ бордюрээр бараг жил бүр л солигддог. Ёстой л сайнтай, муутай хэлэгддэг нөгөө л замаараа явганаар зорчихдоо ил нэг шүүмжилж, далд нэг муу хэлээд л алхдаг. Харин нийслэл хотын гэр хороололд амьдардаг иргэдийн явган алхах зам харгуй, орчны гэрэлтүүлэг, эрүүл, аюулгүй орчин үнэхээр шинэчлэгдэж, гэрэл гэгээтэй байдаг билүү…

Яг Улаанбаатарын төв хэсэг буюу Сүхбаатарын талбайгаас 12 километр замыг туулан бидний хэлж заншсанаар Баянхошууны Баруунсалааг зорилоо. Ердөө 12 км-ийн цаана иргэдийн амьдрал хэрхэн өрнөж байна вэ?
Ингээд бид СХД-ийн 41 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулж буй жижигхэн Хүнсний мухлагийн хаалгыг татлаа. Тус хорооны иргэн Б.Цэрэнбат гэр бүлийн хүнтэйгээ хамтдаа хүнсний чиглэлээр мухлаг ажиллуулаад, амьдардаг аж. Ийм худалдаа эрхлээд 16 жил болжээ. Түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.


-Сайн байна уу? Яг өнөөдөр иргэдийн худалдан авах чадвар ямар байна вэ?
-Иргэдийн худалдан авах чадвар маш доройтсон, өдрөөс өдөрт ерөөсөө туйлдаж байна шүү дээ. Ард түмэн бол үнэхээр туйлдаж, хүүхдийн мөнгө, тэтгэвэр буухаараа л зээлж авсан хүнсний барааны үнээ төлж байна. Өрийн дэвтэр улам л зузаараад байгаа. Зээлж аваад л цалин, тэтгэмжээ буухаар буцаагаад төлдөгч, хэд хоногийн дараа ахиад л зээл авдаг.
Ахмадуудын тэтгэвэр нь, иргэдийн цалин цавуу нь хаанаа ч хүрэлцдэггүй. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсөж, иргэд үнийн дарамтанд дарлуулж байна.
-Өдөрт хэр хэмжээний хүнс худалдаж авдаг вэ?
-Нэг өдөрт 1 ширхэг сонгино, хоёр ширхэг төмс, нэг лууван оройн хоол бэлтгэхийнхээ өмнө худалдаж авдаг. Бүтнээр нь ургамлын тос худалдаж авах чадамжтай хүн тун ховор.
Арай гайгүй хүн нь 2 ширхэг лууван, 3 ширэг төмс авна уу гэхээс 500гр-аар авдаггүй. Элэгний нухаш гэхэд л нэгийг, нэг ширхэг талхтай авна. 500гр масло авахгүй, голдуу л 200-300гр -аар, 2400 төгрөгийн нэг жижиг уут сүүг нэгийг л авна.


-Яг иргэдийн өдөр тутамдаа хүнсэндээ хэрэглэдэг бараа бүтээгдэхүүний үнэ улам өсөж буйг тэд хэлж байгаа?
-Үнэн. Хэрчсэн гурил гэхэд л одоо 1400 төгрөг болчихсон, ер нь бүх барааны үнэ нэмэгдэж байна. Ард түмэн үнэхээр гундуу л амьдарч явна даа.
-Таны хувьд яг энэ хороонд хүнсний чиглэлээр хэдэн жил худалдаа эрхэлж байна вэ? Өмнөх он жилүүдтэй харьцуулбал иргэдийн амжиргааны түвшин?
-Одоо энд хүнсний чиглэлээр ажиллаад 16 жил боллоо. Хөгшин бид хоёроос энэ хавийн улс ойр зуурын юм аваад л, тэгээд л өрийн дэвтэр дээр бичүүлнэ. Тэгээд л цалин, хүүхдийн мөнгө, тэтгэвэр буухаар төлнө. Зарим нь цалин цагтаа буухгүй байна, тэдэнд өгнө, тийм өдөр төлнө гээд л явдаг. Бараг сарын тал болж байж сая нэг юм өрөө төлж дуусгана. Өрнөөс өрний хооронд л амьдарч байна шүү дээ. Ард түмний амьдрал улам л дордоод байгаа нь илтэд харагддаг.
Их хурлын гишүүд маань яг газрынхаа хөрсөн дээр буугаад, иргэнийхээ амьдралыг дэргэдээс нь ирж хараад, гэр орноор нь орж үзээд, газар дээр нь шийдэхгүй, тэр холоос автоматаар шийдчихээд л тэгээд болж байна гээд л яриад байна. Аль 10 гаруй жилийн өмнө ийм л дүр зурагтай байсан. Яг л байдал хэвээрээ байгаа.
Иргэд өдөртөө гурил, мах, сүү, ойр зуурхан төмс, ногоо ийм л юм авч байна шүү дээ. Өөр зүйл худалдаж авч хүчрэхгүй байна.




-Иргэд хоолны махаа арвин хэмжээгээр худалдаж авдаг уу?
-Таван цулын бэлтгэсэн “жижиглэн” иргэд худалдаж авч хоол хүнсэндээ хэрэглэдэг. Жижиглэнг аваад л тэрүүгээр 3-4 удаагийн хоол бэлтгэж иддэг. Малын уушги, элэг, бөөр тийм л юм байдаг юм шүү дээ. Махны үнэ маш их өссөн учраас 2500-3000 төгрөгөөр тэр жижиглэнгээ л худалдаж авах нь иргэдийн мөнгөний чадал чансаанд таардаг болов уу даа.
Өнөөдөр өрийн дэвтэр дээрхээ төлж тэглүүллээ, маргааш нь юмуу, нөгөөдөр нь ахиад л зээл тавиад л өрөө бичүүлнэ. Эргээд л өрөө дарна, буцаагаад л зээлнэ. Ерөөсөө л нэг тийм “Өрийн тойрог”-т иргэд хүлүүлчихсэн гундуу амьдарч байна даа.


Ингээд бид тус хүнсний мухлагаас гараад л хэсэг явлаа. Хогоо ачуулахаар гаднаа овоолсон айл өрхүүд, хашааны банз нь нураад, засварлаагүй удсан айл, хашааны банз нь нэг ширхэг ч байхгүй, ор мөргүй хэрнээ зөвхөн гундсан өндөр цэнхэрг хаалга ганцаараа гозойх бас нэгэн өөр айл, ийн хэсэг явсаар хашаалж амжаагүй юмуу, эсвэл хашаа удахгүй барихаар төлөвлөж байгаа юмуу, ямартаа ч эргэн тойрон ил задгай нэгэн цагаан гэрийг зорин очиж, хаалгыг нь тогшлоо.


Тогших чимээнээр нэгэн эмэгтэй гарч ирсэн нь тус айлын эзэгтэй байв. Бид ярилцлага өгөх эсэх талаар лавлахад гэртээ өгөх дургүй байна, харин гадаа, гэхдээ нүүр царайгаа мөн нэрээ нууцлахыг хүсэв.
СХД-ийн 41 дүгээр хорооны өөрийгөө Э хэмээн танилцуулах гэрийн эзэгтэйтэй бид товчхон ярилцав.


-Сайн байна уу? Танай гэр бүлийн худалдан авах чадвар хэр байна? Цалин мөнгөний хувьд яг амьдрал ахуйд хүрэлцэж байна уу?
-Маш хүнд байна. Юмны үнэ бол аймшигтай өсөж байгаа шүү дээ. Цалингаас цалингийн хооронд, өрнөөс өрний хооронд л явж байна. Өнөөдөр авсан төмсний үнэ 1400 байснаа маргааш 2500 төгрөг болоод өсчихсөн. Миний хувьд хувиараа ажил эрхэлдэг. Манай нөхөр барилгын компанид ажилладаг. Зарим байгууллагын ажлыг гүйцэтгэж өгнө, нөгөөдүүл нь гүйцэтгэлийн хөлсөө өгөлгүй маш их удаадаг.
Манай гэр бүл энэ амьдралдаа бүтэн мах худалдаж авч үзээгүй. Өдрийнхөө хоол хүнсийг л дөнгөж л авч чадахтай, үгүйтэй л амьдарч байна. Одоо бүр түлшээ ч авч чадахаа байсан.
-Яагаад түлшээ худалдаж авч чадахгүйд хүрээд байна вэ?
-Паспортоор өгнө гэсэн, очихоор байхгүй, хүн авчихсан байна л гэхийн. Ямар ч учиртай юм. Өнөөдөр ч түлшээ авч чадалгүй, гал хөсгүй сууж байна. Ямар сайндаа дулаахан өдөр юм, хүүхдүүд хичээлдээ явчихсан байгаа юм даа гээд сууж байна. Ер нь тэгээд цалингаас цалингиийн хооронд, өр зээл тавиад л доод дэлгүүрээсээ мах, гурилаа зээлж идээд л сууж байдаг даа.
Олон ам бүлтэй айлд бол энэ үнийн өсөлт маш их дарамт болж байгаа. Зөвхөн өдөр хоногоо л өнгөрөөж байна. Дээр нь хүүхдүүд нь сургууль соёлд явдаг болохоор тэрний мөнгө, үүний хуримтлал нэрээр асар их мөнгө татна. Намар 9 сараас хойш манайх гэхэд л 1 хүүхдийн сургуульд 200 гаруй мянган төгрөг өгчихсөн. Энэ мэт асуудал бидэнд үнэхээр л хүнд тусаж байна.
Ярилцсанд баярлалаа.


Өнөөдөр бодит байдал ийм л байна. Хүний амнаас сонсох, бусдын яриагаар өнгөц дүгнэлтийг алсаас хийх нь “Нүдээр харах”-аас тэс өөр.
Ердөө 10 гаруйхан киломтерийн цаана нийслэлийн алслагдсан дүүргүүдэд орших гэр хорооллын “Хашааны завсраар” амьдрал ийм л гундуухан, гунигтай дүр зураг угтана.
Угтаа бол Монгол Улсын хөгжлийн гол тулгуур нь эрүүл, боловсролтой иргэн нь байх учиртай. Харин Монголын ирээдүй болсон олон мянган бяцхан үрс шороо бужигнасан, гэрэлгүй харанхуй, ноход боорлосон, хайш яайш орчинтой гудмаар тэмтчин, хичээлийн дараа гэрийнхээ зүг яаран гүйлдэнэ…







Gevch ger horoololiinhon MANiig songodog.Yagaad? Ter talaar asuuh setguurch hooson tolgoi baihgui ni saihaaan.