
БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпин өнгөрсөн долоо хоногт БНСУ-д айлчилж, Ази Номхон далайн Эдийн засгийн хамтын ажиллагааны чуулганд оролцож, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзсан билээ. Тэрээр БНХАУ-ын төрийн тэргүүнээр томилогдсон цагаасаа эхлэн сүүлийн 10 гаруй жил нухацтай, буурь суурьтай улстөрчийн имижийг бүрдүүлж ирсэн билээ.
Тэгвэл Цагаан ордны зүгээс нийтэлсэн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпин нарын БНСУ-д хийсэн уулзалтын гэрэл зургуудаас олон нийт Хятадын төрийн тэргүүний огт өөр дүр төрхийг олж харсан байна. БНСУ-ын Бусан хотын Кимхэ олон улсын нисэх онгоцны буудалтай залгаа байрлах Кимхэ агаарын нисэх хүчний баазад АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Хятадын төрийн тэргүүн Си Жиньпин нарын уулзалт болсон ба Цагаан ордны нийтэлсэн гэрэл зургаас Ерөнхийлөгч Д.Трампын өөдөөс харан хэлэлцээрийн ширээний ард суугаа Хятадын Ерөнхийлөгч чин сэтгэлээсээ инээмсэглэж байгааг харж болох юм.
Уг уулзалтаас хоёр хоногийн дараа Ерөнхийлөгч Си Жиньпин БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мёнтэй бэлэг солилцон, хошигнож буй мөч мөн л камерын дуранд буужээ. Бичлэг дээрээс Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпин БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён болон тэргүүн хатагтайд Хятадын Xiaomi брэндийн ухаалаг гар утас бэлэглэж буйг харж болох ба Ерөнхийлөгч Ли Жэ Мён бэлгэнд авсан утаснуудаа зааж, “Харилцаа холбооны аюулгүй байдлын тал дээр ямархуу вэ?” хэмээн хошигнон асуухад Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпин инээмсэглэн, “Тагнадаг барьдаг юм байгаа эсэхийг нь шалгаад үзэж болно шүү.” хэмээн хариулж байгаа нь сонсогдоно.
Барууны орнуудад тэр дундаа АНУ-д сүүлийн жилүүдэд Хятадад үйлдвэрлэсэн ухаалаг төхөөрөмжүүд нь хэрэглэгчдийн хувийн мэдээллийг цуглуулж, Хятадын засгийн газарт дамжуулдаг байж болзошгүй тухай яригдах болсонд Хятадын төрийн тэргүүн ийнхүү хошигнон хариу барьсан байна.
Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпины бусад орны төрийн тэргүүнүүдтэй чөлөөтэй, биеэ барилгүй харилцаж буй гэрэл зураг, бичлэгүүдийг Хятадын нийгмийн сүлжээнүүдээс олох боломжгүй бөгөөд Хятадын эрх баригчид Ерөнхийлөгч Си Жиньпины олон жилийн турш бүрдүүлсэн имижийг эвдсэн, Хятадын төрийн тэргүүнийг өөр талаас харуулсан гэрэл зураг, бичлэгүүдийг улсынхаа цахим орчноос ул мөргүй устгадаг билээ.






