
ДЭМБ-ын мэдээлснээр дэлхий даяар жил бүр 8 сая хүн тамхины хэрэглээнээс болж нас барж байна. Үүний 7 сая орчим нь шууд тамхидалтаас, 1.3 сая нь дам тамхидалтын улмаас нас бардаг ажээ.
Монгол Улсын хувьд 2024 оны байдлаар тамхины хэрэглээ нийт хүн амын 28.4 хувьд хүрсэн нь ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлттэй орны 7 дугаарт бичигдэх үзүүлэлт юм.
Ялангуяа, тамхи татаж эхэлсэн дундаж нас нь,
- 2005 онд 20.1 байсан бол
- 2019 онд 18.9 болон залуужиж, өсвөр насны хүүхдүүдийн дундах тамхины хэрэглээ ихээр нэмэгдэж байгаа нь анхаарал татах асуудал болоод байна.
Судалгаанаас үзэхэд, 2023 оны тамхидалтын тархалтыг 2019 онтой харьцуулахад 10 хувиар нэмэгдсэн, эмэгтэйчүүдийн тамхидалт 4 дахин нэмэгдсэн, тамхи татах нас 3 насаар залуужсан байна. Мөн 3,000 гаруй оюутныг хамруулсан судалгаагаар
- 14 хувь нь утаат тамхи,
- 10,9 хувь нь электрон тамхи,
- 2 хувь нь аль алийг нь татдаг тоо баримтууд гарсан.
Никотин агуулсан бүтээгдэхүүнүүд хүүхэд, өсвөр насныхны тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг
Олон улсын эрүүл мэндийн байгууллагууд, тэр дундаа ДЭМБ болон АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC) электрон тамхи болон никотин агуулсан бүтээгдэхүүнүүд нь хүүхэд, өсвөр насныхны тархины хөгжилд сөргөөр нөлөөлж, суралцах чадвар, сэтгэлзүйн байдалд муугаар нөлөөлдөг болохыг анхааруулдаг.
Дээрх байгууллагуудын мэдээлснээр,
никотин нь тархины анхаарал төвлөрөл, суралцах чадвар, сэтгэл хөдлөлийг удирдах үйл ажиллагаанд хортой нөлөө үзүүлдэг бөгөөд өсвөр насны хүүхдийн тархи 25 нас хүртэл хөгжиж байдаг тул энэ хугацаанд никотин хэрэглэх нь урт хугацаандаа эрүүл мэндийн сөрөг үр дагаварт хүргэх эрсдэлтэйг онцолсон байна.
Тухайлбал, өсвөр залуу насанд никотин хэрэглэж үзсэн байх нь хар тамхи хэрэглэх эрсдэлийг 2 дахин өсгөдөг болохыг АНУ-ын Биотехнологийн судалгааны хүрээлэнгээс тогтоожээ.

Тамхинаас шалтгаалсан нас баралт нийт нас баралтын 17 хувийг эзэлдэг
Монгол Улсад тамхидалт нас баралтын нэг том шалтгаан болж, олон төрлийн өвчлөлүүдийг үүсгэж байна.
Тамхи татах нь нийт хүн ам, нэн ялангуяа хөдөлмөрийн насны хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлснээс үүдэн гэр бүлийн эрүүл мэндийн зардал эрс нэмэгдэж, энэ нь эрүүл мэндийн тогтолцоонд асар их ачаалал үзүүлдэг бөгөөд тамхины шалтгаант өвчлөлтэй холбоотой эрүүл мэндийн зардал дээр хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, цаг бус эндэгдэлтэй холбоотой бүтээмжийн алдагдалыг нэмэгдүүлдэг байна.
Манай улсын хувьд тамхинаас шалтгаалсан нас баралт нийт нас баралтын 17 хувийг эзэлж, жил бүр ойролцоогоор 4300 хүн тамхины хэрэглээтэй холбоотой нас барж байна. Тамхины хэрэглээний эдийн засгийн зардлыг тооцохдоо тамхинаас үүдэлтэй өвчний эмчилгээнд шаардагдах эрүүл мэндийн өртөг, тамхинаас үүдэлтэй өвчлөл, нас баралтын улмаас алдагдаж буй хүний нөөцийг оруулж тооцдог бөгөөд тамхины хэрэглээнээс шалтгаалсан эдийн засгийн алдагдал жил бүр 801 тэрбум төгрөгт хүрч, ДНБ-ний 2.1 хувийг эзэлж байна.


Тамхины хэрэглээг багасгах хамгийн үр дүнтэй арга бол татварын өсөлт, сурталчилгааг хориглох, олон нийтийн газарт тамхины хэрэглээг хязгаарлах зэрэг хөтөлбөрүүд байдаг нь дэлхийд нотлолгдсон аргууд.
Тамхины эсрэг бодлого хэрэгжүүлсэн орнуудад хэрэглээ 20-30%-аар буурсныг ДЭМБ-ын судалгаанаас харж болно.
Тус байгууллагаас “MPOWER” хөтөлбөрийг 30 гаруй улсад амжилттай хэрэгжүүлж, тамхины хэрэглээг 15%-аар бууруулжээ.
Тэгвэл Монгол Улс тамхины тархалтын эсрэг гурван үзүүлэлтээр “Муу” гэсэн үнэлгээ авсан нь:
- Тамхины тархалтын бууруулах арга хэмжээ
- Нийгэмд тамхины хор уршгийг таниулах
- Татварын бодлого
Монгол Улс 2020 оноос хойш тамхин бүтээгдэхүүний онцгой албан татварын хувь хэмжээг огт нэмээгүй бөгөөд импортоор орж ирэх тамхины тоо хэмжээ нэмэгдсээр иржээ.
Татварын орлогод эзлэх хортой бүтээгдэхүүн болох тамхины онцгой албан татварын орлого буурсан нь үүний нотолгоо юм.
Тамхины хэрэглээг бууруулах хамгийн үр дүнтэй бодлогын нэг нь тамхинд ногдуулах татварыг нэмэгдүүлэх
Импортын сигар, янжуур тамхинд ногдуулсан албан татварын хэмжээ 2020-2024 он /сая.төгрөг/
| Он | Тоо хэмжээ мян.ш | Үнийн дүн (сая.ам.дол) | Гаалийн албан татвар
(сая.төг) |
Онцгой албан татвар
(сая.төг) |
НӨАТ
(сая.төг) |
Нийт татвар
(сая.төг) |
| 2020 | 2,933,613.14 |
56.87 |
48,364.45 | 122,625.03 | 33,135.09 | 204,124.57 |
| 2021 | 3,081,898.64 | 60.48 | 52,095.38 | 128,823.36 | 35,325.06 | 216,243.80 |
| 2022 | 3,345,958.07 | 69.41 | 65,042.93 | 139,780.37 | 42,122.16 | 246,945.47 |
| 2023 | 3,489,971.80 | 63.90 | 66,359.02 | 145,880.82 | 43,343.66 | 255,583.50 |
| 2024 | 3,493,985.37 | 66.69 | 67,795.58 | 146,048.59 | 43,982.94 | 257,827.11 |
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар
Үүнийг хөрш зэргэлдээ улсуудтай харьцуулахад янжуур тамхины худаалдаалагдаж буй үнэ даруй 3-4 дахин хямд байгаа нь хүүхэд залуучуудын дунд тамхидалтыг нэмэгдүүлэх, хэрэглээг гааруулах нөхцөл байдал үүсгэсэн байна.
Өөрөөр хэлбэл, тамхины үнэ талхнаас хямд, ямар ч орлого багатай аваад татах боломжтой түвшинд байгаа учраас тамхидалтын түвшин манай улсад буурахгүй байна.
Татварын хэмжээ 2020 оноос хойш 100 ш янжуурт 4180₮ буюу 1 хайрцагт 836₮ байгаа ба энэ нь ДЭМБ-аас дор хаяж 75% нь татвар байх ёстой гэсэн зөвлөмжөөс 2.8 дахин бага байгаа юм.
Тамхины хэрэглээ тогтмол өсөж байгаа шалтгааны нэг нь Монгол Улсад тамхин бүтээгдэхүүн маш хямд үнэтэй байдаг явдал юм.
ДЭМБ-ын зүгээс тамхины хэрэглээг бууруулах хамгийн үр дүнтэй бодлогын нэг нь тамхинд ногдуулах татварыг нэмэгдүүлэх гэж үздэг.
2003 онд батлагдсан “Тамхины хяналтын суурь конвенц” болон холбогдох бусад баримт бичгүүдээр баталгаажсан байдаг.
Тус байгууллагын судалгаагаар тамхины үнийг 10%-аар нэмэхэд,
- хэрэглээ хамгийн багадаа 4%,
- хөгжиж буй орнуудад 5%–7% буурдаг бөгөөд ялангуяа өсвөр насныхан, бага орлоготой бүлэг нь тамхинаас илүү амархан татгалздаг гэжээ.
Түүнчлэн ДЭМБ-аас тамхины жижиглэнгийн үнийн хамгийн багадаа 75%-ийг бүх төрлийн татвар (онцгой, гаалийн, НӨАТ г.м) бүрдүүлэх ёстой гэж зөвлөдөг.
Монгол Улсын хувьд тамхин бүтээгдэхүүний дундаж үнэ 3850 төгрөг байгаа бөгөөд үүний 40 орчим хувийг татвар эзэлж байгаа нь дэлхийн хамгийн хямд тамхитай улсын жагсаалтад багтах, улмаар тамхины хэрэглээг дэмжих нөхцөлийг бүрдүүлж байна.
Янжуур тамхи өнөөдөр
- Австралид 23 ам.доллар,
- БНХАУ-д 2.4 ам.доллар байхад
- Монгол Улсад өнөөдөр тамхины үнэ 1 ам.доллар ч хүрэхгүй байна. Татвар ч мөн хамгийн бага буюу 42% байгаа бол 75% байх ёстой гэж ДЭМБ зөвлөж байгаа юм.






