
Карл Саган, Бүдэг цэнхэр цэг
Тус зургийг алдарт Вояажер 1 хөлөг 1990 оны 2-р сарын 14-нд дэлхийгээс 6 орчим тэрбум километрийн зайнаас дарсан билээ. Зургийн төвөөс баруун хэсэгт нэгэн шаргал зураас харагдана. Тус зураас дунд нэгэн цэг бий. Энэ бол бидний гэр юм. Уудам орчлонгийн харанхуйд маш дундаж нэгэн шар одыг тойрч оршин тогтнох нь энэ юм.
“Тэртээ алсын зайнаас дэлхийг ажихад тийм ч анхаарал татахуйц зүйл мэт санагдахгүй байж мэдэх юм. Гэвч бидний хувьд арай өөр.
Тэр цэгийг ахиад нэг ажигла даа. Тэр бол энд. Тэр бол гэр. Тэр бол бид. Тэнд таны хайрладаг, таны таньдаг, хаанаас ч юм нэрийг нь сонссон, бүхий л цаг хугацаанд амьдарч байсан хүн бүр өөрсдийн амьдралаа туулж өнгөрүүлсэн. Бидний баяр хөөр, зовлон шаналлын бөөгнөрөл, мянга мянган итгэл өвөрлөсөн шашнууд, үзэл суртал болон эдийн засгийн сургаалиуд, хүн төрөлхтний түүхэн дэх бүх анчид, түүвэрлэгчид, хатан зоригтнууд болон зүрx зориггүйчүүд, соёл иргэншлийг бүтээн босгогчид, түүнийг нь устгасан сөнөөгчид, бүх л хаад, энгийн тариаланчид, бүх л дурлалт хосууд, бүх ээжүүд болон аавууд, хүсэл мөрөөдлөөр цалгисан хүүхдүүд, зохион бүтээгчид, эрэл хайгуулчид, бүх ёс зүйн номлогчид, бүх дорой улс төрчид, бүх ‘одод’, бүх аугаа удирдагчид, бүх гэгээнтэн болон нүгэлтнүүд… тэнд, тэр нарнаас уяатай бяцхан тоосонцор дээр аж төрсөн.
Дэлхий бол аугаа уудам сансрын өчүүхэн нэгэн тайз билээ. Энэхэн хумхын тоосны зурвасхан хэсгийг түрхэн зуур эзэгнэх гэсэн байлдан дагуулагч, генералуудын урсгасан цусан далайг бод. Энэ бүдэг цэгийн хэсэгхэн пикселийн буланд оршин суугчид өөр нэг буланд аж төрж буй ижил төрөлтнүүддээ амсуулсан тэр их зовлонг бод. Хэчнээн их үл ойлголцол вэ. Нэг нэгнийгээ хөнөөхийг ямар их хүснэ вэ. Хэчнээн хорсолтой үзэн ядалт вэ. Бидний хуурамч төрх, өөрсдийгөө чухалд тооцсон ихэрхэл, энэ ертөнцөд давуу эрхтэй төрсөн гэх төөрөгдөл энэхүү бүдэгхэн гэрлийн чинээгээр чамлагдана…
Манай гараг бол сүүмгэр гэрлийг залгих хязгааргүй харанхуй дахь ганцаардмал нэгэн толбо юм. Энэ түнэр харанхуй, энэ уудам зайд биднийг өөрсдөөс маань аврахаар ирэх тусламж нэгээхэн ч үгүй. Дэлхий бол бидний мэдэх амьдралыг тэтгэгч цорын ганц гараг юм. Ойрын ирээдүйд л гэхэд бидэнд нүүн суурьших газар хараахан алга байна. Зочилж чадах ч хараахан суурьшиж чадахгүй нь. Хүссэн ч, хүсээгүй ч одоохондоо бидний оршин тогтнох цорын ганц газар нь Дэлхий юм.
Одон орон судлал нь бидний хэчнээн өчүүхнийг мэдрүүлж, хүнийг номхруулдаг шинжлэх ухаан гэж хэлэх нь бий. Хүн төрөлхтний ядмагхан бодлын чинээг энэ бяцхан ертөнцийг алсаас буулгасан энэхүү зураг л чин үнэнээр нь үзүүлсэн гэж би бодном.
Миний хувьд энэ л зураг биднийг нэг нэгэндээ илүү халуун дотно, чин үнэнч хандах ёстойг, өөрсдийн мэдэх цорын ганц гэр болох энэ бүдэг цэнхэр цэгээ хамгаалж тордох ёстойг сануулах шиг.”
Карл Саган гуайн энэхүү үгийг бичлэг хэлбэрээр үзэхийг хүсвэл доорх холбоосоор ороорой.






