
Их Британийн хаан III Чарльз Английн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч асан Дэвид Бекхэмд хөлбөмбөгийн спорт, нийгэмд оруулсан хувь нэмрийг үнэлэн хүлэг баатрын хэргэм олгожээ. Хүлэгт баатрын хэргэм хүртсэн 50 настай Д.Бекхэмийг өнөөдрөөс эхлэн Сэр Дэвид Бекхэм эсвэл Сэр Дэвид гэж дуудах юм.
Сэр Дэвид Бекхэм хүлэг баатрын хэргэм хүртсэнийхээ дараа, “Хүмүүс намайг эх оронч үзэлтэй гэдгийг сайн мэднэ, би эх орондоо хайртай. Манай гэр бүлийн хувьд хаант засаг ямар чухал болохыг би өмнө нь хэлж байсан. Би дэлхийн олон оронд очиж үзсэн азтай хүн, тэр болгонд хүмүүс надтай манай хааны гэр бүлийн тухай ярилцахыг хүсдэг нь миний бахархлыг үргэлж төрүүлсээр ирсэн.” хэмээн ярьжээ.
Сэр Дэвид Бекхемд хүлэг баатрын хэргэм олгох ёслолд түүний гэргий Виктория Бэкхемээс гадна ээж аав хоёр нь оролцжээ. Ёслолын ажиллагаанд Сэр Дэвид Бэкхемийн өмссөн байсан саарал хослолыг гэргий Виктория нь урласан ба уг хослолыг тэрээр Хаан Чарльзын залуудаа өмсөж байсан хослолоос санаа авч урласан аж.
Сэр Дэвид Бэкхем “Манчестер Юнайтед”, “Реал”, “Милан”, “PSG”, “LA Galaxy” зэрэг хөлбөмбөгийн клубуудэд тоглож байсан ба “Манчестер Юнайтед” клубт тоглож байхдаа Английн Премьер лигт 6 удаа, Аваргуудын лигт 1 удаа түрүүлж байсан юм.
Английн шигшээ багийн төлөө 115 тоглолтод оролцож, 17 гоол хийж байсан тэрээр 2012 оны Олимпын зуны наадмын зохион байгуулагч хотоор Лондон хот шалгарахад онцгой хувь нэмэр оруулсан юм.
Түүнчлэн 2005 оноос хойш НҮБ-ын Хүүхдийн сангийн элчээр ажиллаж байгаа ба 2024 онд Хаан III Чарльзын боловсролын хөтөлбөрийг дэмжигч The King’s Foundation сангийн элчээр томилогджээ. Сэр Дэвид Бэкхем “Интер Майами” клубын хамтран эзэмшигч бөгөөд тус клубт дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Лионель Месси тоглодог билээ.






