
Монголын боловсрол, шинжлэх ухааны салбарын багш нар цалингаа нэмэгдүүлэх шаардлагаар 13 хоног үргэлжилсэн ажил хаялтыг зохион байгуулсны эцэст 2025 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний эвлэл (МБШУҮЭ) болон холбогдох яамдууд хэлэлцээрт хүрч, ажил хаялтыг дуусгавар болгож байгаагаа мэдэгдсэн.
Хэлэлцээрийн дагуу:
- 2026 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн багш нарын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, 2.8 сая төгрөгт хүргэх,
- 2027 оны улсын төсвийн төсөлд 3.5 сая төгрөгт хүргэх асуудлыг тусгахаар талууд тохиролцсон байна.
Гэвч багш нарын дунд “Бид анхнаасаа 3.5 сая төгрөгийн цалин шаардсан. Энэ хэлэлцээр бидний зорилгыг биелүүлээгүй” гэсэн асуудал гарч байгаа юм.
Ажил хаялтыг дуусгавар болгосон гэдэг нь юу гэсэн үг вэ?
Хөдөлмөрийн тухай хуулийн 27.5-д Хэлэлцээ хийсэн төлөөлөгчид хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх тухай тохиролцоонд хүрснээр, эсхүл хамтын гэрээ, хэлэлцээр байгуулагдсанаар. Ажил хаялт дуусгавар болох буюу салбарын хэлэлцээртэй холбоотой энэ удаагийн маргаан үүгээр нэг мөр дууссан гэж ойлгож болно.
Иймээс Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭХ-ны дарга З.Цогтгэрэл “24 цагийн дараагаас ажил хаялт албан ёсоор зогсож, сургалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ” гэж мэдэгдсэн нь ажил хаялт түр түдгэлзээгүй, бүрэн дууссан гэсэн утгатай.
Өөрөөр хэлбэл, энэ ажил хаялтыг Монголын боловсрол, шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбоо хууль ёсны төлөөллийн эрхийнхээ хүрээнд зарлаж, мөн дуусгавар болгосон байна
Хэрэв ажил хаялтыг “түр түдгэлзүүлсэн” байсан бол дараагийн хэлэлцээрийн үр дүнгээс хамаарч дахин үргэлжлүүлэх боломжтой байв. Харин “дуусгавар болсон” тохиолдолд ажил хаялтыг үргэлжлүүлэх бус шинээр эхлүүлэх шаардлагатай болдог.
Багш нар хэлэлцээрийг хүлээн зөвшөөрөхгүй бол яах вэ?
Хэрвээ дахин цалин хөлстэй холбоотой маргаан үүсгэхээр бол Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.12-т “хөдөлмөрийн сонирхлын маргаан” гэж хамтын хэлэлцээ хийх, бүх төрлийн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр байгуулах, өөрчлөх, хөдөлмөрийн гэрээг өөрчлөхтэй холбоотойгоор түүний талуудын хооронд үүссэн саналын зөрүүг” зааснаар сонирхолын маргаан үүсгэх боломжтой юм.
ХТХ-ийн 4.1.12, 25.1.1, 25.1.2, 25.1.3, 4.1.5, 26.2, 27.1
Харин ажил хаялт дуусгавар болсон нөхцөлд, хэрэв багш нар хэлэлцээрийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол дараах алхмуудыг хийх шаардлагатай:
- Өөрийн сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хороогоор дамжуулан санал, гомдлоо албан ёсоор хүргүүлэх /нэгэнт хэлэлцээр ХНХЯ бүртгэгдсэн учраас шууд хөдөлмөрийн гэрээнд цалин хөлсийг 3.5 болгон өөрчлөлт оруулахаар шаардлага хүргүүлэх/
- Хэрвээ ажил олгогч талаас хүлээн зөвшөөрөхгүй бол Хөдөлмөрийн сонирхлын маргаанаа зуучлалын шатаар дамжаад амжилтгүй болсон тохиолдолд ажил хаялт зарлах боломжтой
- Шинээр маргаан үүсэж байгаа тул сонирхлын маргааны үе шатыг дамжих учиртай. Шууд ажил хаялт зарлаж болохгүй.
Сургуулиуд бие даан ажил хаялт зарлаж болох уу?
Үгүй.
– Хууль зүйн хувьд тус бүрийн сургууль, цэцэрлэг хамт олон дур мэдэн ажил хаялт зарлах эрхгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.4-т “Ажилтны төлөөлөгч” гэж үйлдвэрчний эвлэл, түүний төлөөлөгчийг хэлнэ гэж заасан байдаг.


Иймээс зөвхөн тухайн салбарын үйлдвэрчний эвлэлийн байгууллага л ажил хаялт зарлах, удирдах, дуусгавар болгох эрхтэй.
Хэрэв хувь хүн, эсвэл нэг цэцэрлэг, сургуулийн багш нар бие даан ажил хаявал хууль зөрчсөн үйлдэл гэж тооцогдох эрсдэлтэй.
Энэ удаад багш нарын 13 хоногийн ажил хаялт хууль ёсны дагуу эхэлж, мөн хуулийн дагуу дуусгавар болсон.
Гэхдээ энэ нь хөдөлмөрийн маргаан бүрэн шийдэгдсэн гэсэн үг биш. Харин талууд тодорхой хугацааны дотор цалин нэмэгдүүлэх чиглэлд зөвшилцөлд хүрсэн гэсэн утгатай.








