
“Шинэ тэнгэр газар” сүмийн хохирсон иргэдийн төлөөлөл мэдээлэл хийсэн билээ.
Хохирогч: “Бидний гэр бүлийн зүгээс хэвлэлийн бага хурал зарлаж байгаа шалтгаан нь “Шинэ тэнгэр газар” нэртэй, Монголд үйл ажиллагаа явуулдаг “Монгол сувд сүм” гэх шашны урсгалтай холбоотой. Энэ байгууллага өөрсдийгөө Монгол дахь бусад шашны сүмээс өөр, илүү гэж үздэг.
Манай ээж 2024 оны нэгдүгээр сараас энэ байгууллагад явж эхэлсэн. Би зөвхөн өөрт тохиолдсон зүйлээ хуваалцаж байна. Эхэндээ ээж “сэтгэлзүйн сургалтад явж байна” гэж ярьдаг байсан. Настай хүн учраас бид зөвшөөрсөн.
Бид “танайх сүм үү?” гэхэд “үгүй, манайх сүм биш” гэж хэлдэг байсан. “Танайх Есүсийн сүм үү?” гэхэд “биш” гэж хариулсан. “Зүгээр сургалтын төв, нийгэмд сайн үйл хийдэг газар” гэж тайлбарладаг байв.
Тэд “сэтгэлзүйн сургалт, хэл заслын, хувь хүний хөгжлийн сургалт явуулдаг” гэсэн. Би “зүгээр юм байна, та яваад үз” гээд явуулсан. Эхний саруудад намайг хамруулах гэж их шахсан. Би нэг удаа очиж суусан.
Би өмнө нь энэ сүмд 2–3 жил явж байсан, одоо бол ордоггүй гэдгээ хэлсэн. Харин дараа нь ээж намайг хүчтэй шахаж эхэлсэн. “Чи айлын том, заавал явах ёстой, чи явж байж дүү нар чинь явна” гэж шаарддаг болсон.
Сүүлийн нэг жилд байдал улам хүндэрсэн. Ээж өмнө нь уурладаггүй, худлаа ярьдаггүй байсан ч худлаа ярьж, өөрчлөгдөж эхэлсэн. Би “Та яагаад ингэж бурхны хүн байж байж худлаа яриад байгаа гэхээр “манай бурхан хүний сүнсийг аврахын тулд худлаа ярьж, бүр зодоод ч болтугай авчирч болно” гэж заадаг байсан. Сүм, шашны байгууллага ийм сэтгэлзүйг хүнд суулгаж болох уу? Болохгүй, тийм үү?
Сүүлдээ ээжийн зан ааш бүр өөрчлөгдөж, би ээжтэйгээ үр хүүхэд шиг байхаа больсон. Ээж маань миний эсрэг хандаж, “чи Сатаны сүнстэй, тиймээс энд ирэхгүй байна” гэх болж, “Сатаны сүнстэй шээснүүд” гэх мэтээр хараадаг болсон. “Та нарыг аврах гэж байна, та нар аврагдмаар байна уу, би мөнх насална, би бурханд биеэ өгсөн” гэх мэтээр ярьдаг болсон.
Ээж маань ийм байдалтай явсаар 2025 оны есдүгээр сарын 16-ны өдрийн 12 цагт сүм дээрээ илтгэл тавьж байхдаа бурхан болсон. Өчигдөр 49 хоног нь болж өнгөрсөн. Ээжтэйгээ энэ асуудлаас болж их маргалддаг байсан учраас хэлэх үгээ хэлж чадалгүй хоцорсон. Ээжийгээ ийм байдлаар алдсандаа маш их харамсч байна.
Ийм нөхцөлд орсон хүн олон байдаг юм байна. Би тэр группт нь орж үзсэн, судалгаа хийсэн, хууль зүйн зөвлөгөө авч, яаж энэ урсгалыг зогсоох вэ гэдгийг судалсан. 49 хоногоо дуусгаад энэ мэдээллийг олон нийтэд хүргэж байна. Учир нь бид үнэхээр хүчин мөхөстөж байна.
Цаашдаа ийм зүйлд бусад хүмүүс автах вий гэж санаа зовж байна. “Ээжийн ясыг өндөлзүүлэхгүй” гэж дуугүй өнгөрөхийг хүссэн ч ингэж орхих нь зөв биш гэж бодсон. Хэр олон хүн ингэж амьдралаа сүйтгүүлэх вэ? Хэдэн мянган хүн ингэж хохирох вэ? Энэ байдлаар үргэлжлүүлэх үү, тэмцэх үү гэдгээ бид бодох ёстой” гэв.
Хохирогч: “Энэ урсгал нь Солонгост “Шинчонжи” буюу “Шинэ тэнгэр газар” нэртэй, үүсгэн байгуулагч нь И Ман Хи гэдэг Солонгос хүн. Монголд “Монгол сувд сүм” нэрээр орж ирж, “Шинэ тэнгэр газар” нэрийн дор үйл ажиллагаа явуулдаг.
Солонгост үйл ажиллагаагаа явуулаад 40 жил болсон. Монголд орж ирээд арваад жил болж байна. 51 сая хүнтэй Солонгост 300 мянга орчим итгэгч байдаг гэж албан бус мэдээлдэг. Харин 3 сая хүнтэй Монголд янз бүрийн тоо ярьдаг ч, ээжийн яриагаар 10–12 мянга орчим хүн явдаг гэнэ.
Энэ байгууллага хүмүүсийг хуурч элсүүлдэг. Гудамжаар явж байгаа хүмүүсийг онилж, эсвэл итгэгчдээ “ургаас нэгийг төрснөөс нэгийг авчир” гэж шахан, заавал хүн элсүүлэх үүрэг өгдөг.
Хаяг байршлын хувьд 21-р хороолол, 3–4-р хорооллын эцэс, Ботаник, Баянзүрх дүүргийн халдвартын орчим, 5 Богд, Баянбүрд зэрэг газарт салбаруудтай.
Хүмүүсийг элсүүлэхдээ “хувь хүний хөгжлийн хичээл”, “сэтгэлзүйн сургалт”, “сэтгэл заслын төв”, “англи, солонгос хэлний үнэгүй сургалт” нэрийн дор урьж, улмаар сүмдээ татдаг.
Виз гаргалтын, Солонгосын визийн үнэгүй зөвлөгөө гэх мэт нэрээр хүмүүсийг хуурч элсүүлдэг. Сургалтад орж элссэн хүмүүст эхний үеийн мэдрэмж үнэхээр сайхан гэж ярьдаг. Гэвч элссэн тохиолдолд би тэдэнд үүнийг хэлнэ: тэнд аягүй гоё гэж ерөнхийд нь сурталчилдаг. Тэгээд доош юмыг нь явуулж элсүүлдэг. Сургуулийн маягаар элсүүлээд тодорхой хэмжээний мэдээлэл авсны дараа Библийн судлал эхэлдэг.
Библи судлах нэрийн доор “Библиг уншсан байх ёстой”, “Библиг задлая”, “Библи ямар учиртай вэ”, “Библийн үнэн зүйл юу вэ” гэх мэт сургалт зохион байгуулдаг. Сургалтад Библийн өгүүлбэр бүрийн утгыг задлан тайлбарлаж, хүмүүсийн тархийг угаадаг. Тэднээр тэмцээн зохион байгуулж, анги бүрт өглөө, өдөр, орой гэсэн цагийн хуваарийн дагуу хичээл явуулж, шалгалт авдаг. Телеграмаар зүүмээр хичээл орж, үүнийг шалгалт гэж авч, тэмцээн хүртэл зохион байгуулдаг.
Библиг сонсоод донтсон, Библи дэх “Бурхан” гэж үздэгтээ итгэсэн хүмүүсийг хэрхэн удирддаг вэ гэхээр мэдээллийг нь авсан хүнийг дараагийн шатны хичээлд суулгадаг. Хөрсний 8 хичээл гэх мэт шат дараатай хичээлд суулгаж, тэнд юу яригдах вэ гэвэл: “Бурхан удахгүй бууж ирнэ”, “дэлхий сүйрнэ”, “Бурхны шүүлт эхэлнэ”, “манай сүмд явдаг хүмүүс үхэхгүй, хамгийн бага 600 жил насална” гэх мэт яриа явуулдаг.
Түүнчлэн “манай сүмд яваад харвардын түвшний мэдлэгтэй адил мэдлэг олж авна”, “сертификат бариад явахад дэлхийн аль ч байгууллага, Монгол Улсын ямар ч газар ажилд авах болно” гэж амладаг. Шүүлтийн үед та аврагдана гэж итгүүлдэг. Энэ итгэлээр зарим гишүүд их эрх мэдэлтэй, цагаан хувцастай, бусдыг нь өвдөглөж гуйх гэж сурталчилдаг.
Дарамт шахалтаас болоод зарим хүн “ингээд больё” гэж гарч үзэхэд, тэдэнд “чи нэгэнт энэ хичээлийг авсан бол гарах юм бол чи тамд унана, үр удам чинь тамд унана, бурхан чам руу харахгүй” гэж айлгадаг. Тийм айлгалын дараа зарим хүн гэрээс зугтаж хаалга хаагдан, утсанд нь байнга залгаж, ажил, хичээл дээр нь очиж дарамталдаг.
Мөн эцэг, эх, ах дүү, ойр хүмүүсээ “чи аврагдахгүй” гэж айлгаж заналхийлдэг. Энэ нь элсэгчдийг хооронд нь тасалдуулж, гэр бүлийн харилцааг сүйтгэдэг” хэмээлээ.






