
Дэлхийн 7 гайхамшгийн нэг Гизагийн Агуу пирамид буюу Хеопсын пирамидын дэргэд дэлхийн археологийн олдворын хамгийн том музей албан ёсоор нээлтээ хийжээ. 1.2 тэрбум ам.доллараар боссон The Grand Egyptian Museum музейд 100 мянга гаруй эртний үзмэрүүдийг байршуулжээ.
Музейн удирдлагууд тус музей жилд 5 сая жуулчин татна гэж тооцоолж байгаа аж. Музейн хамгийн гол бөгөөд хамгийн сонирхолтой үзмэр нь 1922 онд Их Британийн судлаач Ховард Картерын олсон Эртний Египетийн фараон Тутанхамоны бунхан дотроос олдсон олдворууд юм.
Үүнд залуу фараон Тутанхамоны авс, эдэлж хэрэгоэж байсан алтан маск, хаан ширээ, ёслолын тэрэг, үнэт эдлэл, гоёл чимэглэл, бурхдын баримал, тоглоом зэрэг 5000 гаруй үзмэр багтаж байгаа аж. 500 мянган м² талбай бүхий The Grand Egyptian Museum музей барих төсөл анх 1992 онд Ерөнхийлөгч агсан Хосни Мубаракийн засаглалын үед батлагдаж, 2005 онд барилгын ажил нь албан ёсоор эхэлж, ийнхүү 20 жилийн дараа дууссан байна.
The Grand Egyptian Museum мега төсөл нь Египет улсын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг сайжруулах зорилготой бөгөөд тус музей ирэх мягмар гарагт үүд хаалгаа нээж, өглөөний 09 цагаас оройн 18 цаг хүртэл олон нийтэд үйлчилж эхлэх аж. Насанд хүрсэн гадаадын жуулчин тус музейд 1450 египет паунд буюу 27 еврогийн үнэтэй тасалбар авч орох аж.






