
Багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудлаар хоёр тал тохиролцоонд хүрч, ГБХНХЯ-нд бүртгүүлэхээр хүсэлтээ өгсөн. Бүртгэж авсан эсэх талаар ГБХНХ-ын сайд Т.Аубакир тайлбар өглөө. Тэрбээр, “Хөдөлмөрийн хэлэлцээрийг Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам бүртгэснээр хүчин төгөлдөр болдог.
Одоогоор МАН-ын бүлэг хуралдаж байна. Төсвийн байнгын хороо, Сангийн яамны төлөөлөл оролцож, улсын төсвийн нөхцөл байдал, боломжийг ярилцаж байна.
Манай яам багш нарын цалинг нэмэх асуудлыг дангаараа шийдвэрлэх боломжгүй. Тиймээс Төсвийн байнгын хорооны мэдээллийг сонсож, ямар зардлаас хасч цалинг нэмэх боломжтойг хэлэлцэж байна. Энэ асуудал эцэслэн шийдэгдээгүй.
Багш нарын санал нь 2026 онд хоёр үе шаттайгаар, 2.8 сая төгрөгт хүргэх зорилготой. Төсвийн бололцоо байгаа эсэхийг тал бүрээс нь судалж байна. Тооцооллын дагуу 72–76 хувийн нэмэгдэл санал орж ирсэн. Энэ хүслийг эдийн засаг, санхүүгийн боломжийн хүрээнд биелүүлэх талаар ярьж байна.
Эцсийн шийдвэр хараахан гараагүй. Төсвийн байнгын хорооноос “хэлэлцээрийг бүртгэж болно” гэсэн шийдвэр гарвал бид бүртгэнэ. Харин төсөв санхүү даахгүй байвал дараа нь үүсэх үр дагаварт хэн хариуцлага хүлээхийг бодолцох ёстой.
Одоогоор Төсвийн байнгын хороо, Сангийн яам болон бусад байнгын хороод дараах хувилбаруудыг хэлэлцэж байна:
- Улсын төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлаас 10–15 хувийг хасах,
- Төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдээс 15–20 хувийг танах.
Багш нарын цалинг нэмэх чиглэлд санал нэг байгаа ч шийдвэр гараагүй. Манай яам, Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам хэлэлцээрт гарын үсэг зураагүй байгаа. Зурснаар хэлэлцээр хүчин төгөлдөр болно.
76 хувийн нэмэгдэл нь 2026 оны улсын төсөвт, 1 дүгээр сарын 1-нээс эхлэн үе шаттай хэрэгжих санал юм. Үүний нөлөө ойролцоогоор 1.2 их наяд төгрөг байна.
Хэрвээ энэ хэлэлцээр батлагдвал Засгийн газар 2027 онд 3.5 сая төгрөгт хүргэх үүрэг хүлээх нөхцөл үүснэ. Гэвч 2027 оны төсвийн талаар одоо ярих боломжгүй. Гурван талт хэлэлцээрийн хүрээнд дүн, хувь тогтоохгүйгээр ерөнхий зарчим ярилцах шаардлагатай.
Цалин нэмэх асуудал бол эдийн засагт шууд нөлөө үзүүлдэг тул “нэмье” гэхэд нэмчихдэг зүйл биш. Цалингийн бүтэц, үр дүнг Боловсролын яам судалж, нэмэгдлийн бодит үр нөлөөг тооцох шаардлагатай.
Одоогоор бүх гишүүд саналуудаа хэлж, боломжуудаа ярилцаж байна. Төсвийн хөрөнгө оруулалтын зарим төслийг (жишээлбэл, сургууль, цэцэрлэг, зам, үйлдвэр) зогсоовол өртөг өсөж, дараа нь дахин зардал нэмэгдэх эрсдэлтэй.
Цалинг нэмэх, бууруулах шийдвэрийг хөнгөн авч болохгүй. Багш, эмч, тэтгэвэр зэрэг асуудал бүгд уялдаатай яваа. Тэтгэвэр 8.6 хувиар нэмэгдэхээр байгаа бол эмч нарын цалин 15–20 хувиар нэмэх асуудлыг хэлэлцэж байна.
Эцсийн шийдвэр хараахан гараагүй гэдгийг дахин хэлье” гэлээ.






