
Хүн хэн нэгэндээ үнэн сэтгэлээсээ хайртай болоход “Тэр минь яаж байгаа бол?” гэж цаг, минут, хором бүрт боддог. Хайр гэдэг бол санаа тавих, халамжлах, өрөвдөх, уучлах мэдрэмж.
Гэвч өнөөгийн нийгмийг харахад энэ бүгд ховорджээ. Хүн бүр өөрийн амьдралд дарагдаж, бусдын тухай бодох сөхөөгүй, хар амиа хичээсэн нэгэн болж хувирсан мэт.
Адгийн наад зах нь хамт амьдрах гэж тангараг өргөсөн ханиа хуурч, үр хүүхдээ өнчрүүлэх хүмүүс олон болсон. Хайр, итгэлээр эхэлсэн амьдрал хардалт, гомдол, хууран мэхэлэлтээр дуусах нь элбэг.
Тэр дунд хамгийн их хохирч үлддэг нь үр хүүхдүүд. Гэр бүлийн хүчирхийллийн дараа айдастай нүдээр аав, ээжийгээ харж, “дараагийн удаа хэзээ зодуулах бол” гэж эмээж амьдарч буй бяцхан зүрхнүүдийг бид мартаж байна.
Зарим нь бүр төрүүлж өсгөсөн аав, ээжээ “төвөг боллоо” гэж асрамжийн газар цөлж, жил сараар эргэж харахгүй. Харин хэн нэгэн нас эцэслэхэд, амьдралынхаа сүүлчийн мөчид хайр хүсэж байсан хүний хөрөнгөнд шунаж, сүнсийг нь ч амраахгүй байгаа дүр зураг бидний дунд түгээмэл болжээ.
Гудамжаар алхахад хөмсгөө зангидсан, дотроо бухимдал, гомдлоор дүүрсэн хүмүүсийг харна. Нийгмийн ялгаа гүнзгийрч, хөдөлмөрлөж буй ч хөдөлмөрөө үнэлүүлж чадахгүй хүмүүс улам олон болсон.
Төр нь иргэнээ бодох бус, торхон доторх хэдхэн хүн өөрсдийгөө тэжээж, гадна үлдсэн олон мянгаа хуурамч үгсээр хуурч амьдарч байна.
Өөрийгөө сайхан авч яваа бүсгүйг өөр нэгний хормойтой холбож, улс орон даяараа ам уралдуулан муулдаг.
Сошиал ертөнцөд дэндүү их донтсон, сэтгэл үгүй, итгэл үгүй хүмүүс хоорондоо уралдан муу үг шидэлж, нэг нэгнийгээ хэмлэж амьдарч байна.
Тийм ээ, бидэнд хайр хэрэгтэй.
Өөрийгөө биш, хажуудаа яваа нэгнийг анзаарах хайр.
Зам дээр уурлаж биш, тэвдэж яваа хүндээ зам тавьж өгөх хайр.
Аав, ээжийгээ насных нь сүүлчийн мөчид бус, одоо хайрлах хайр.
Хүүхдүүдийнхээ өмнө бие биедээ уучлал үзүүлэх хайр.
Хайр дутаж байгаа нийгэмд бид хүйтэн, хувиа хичээгч, итгэлгүй хүмүүс болж хувирч байна. Гэвч бүхнийг өөрчлөх хүч бидэнд бий тэр бол сэтгэл.
Өнөөдөр нэгэндээ зүгээр л “Сайн байна уу?”, “Хоол идсэн үү?”, “Баярлалаа” “Зүгээр үү” гэж хэлэхээс эхэлнэ.
Учир нь, хайр дутаж байгаа нийгмийг зөвхөн хайр л аврах болно.






