
Монгол Улс түүхэндээ анх удаа гадаадын хөрөнгө оруулалттай компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, газрын хэвлийн баялгаа ашиглуулж эхэлсэн нь 2009 он буюу Оюу толгой орд дээр Айвенхоу Майнз, Рио тинто гэсэн 2 хөрөнгө оруулагчтай 3 төрлийн гэрээ хийсэн байдаг.
Төдийгөөс өдийг хүртэл Монголын үе үеийн Засгийн газар, улс төрчид, эдийн засагчдын “барж идэж” чаддаггүй асуудал бол Оюу толгойн гэрээ. Хамгийн ашиггүй, үр өгөөжгүй, эцэстээ баялгаа ашиглуулж байгаа хэрнээ монголчууд тэдэнд өртэй болж, өрөө төлөхгүй байсаар арбитрын шүүхийн өмнө очсон.
Сүүлдээ улс төрчид нь, Засгийн газар нь Оюу толгойн ордыг эзэмшигчдээс гуйж, найрч байж түр аргацаах арга хэмжээ авч, ард түмнийхээ амыг тагладаг.
Байдал ингэж үргэлжилсээр үе үеийн Засгийн газар, УИХ-аас томилогдсон Ажлын хэсгүүд Рио тинто гэх том “зальт шарын” өмнө батгана шиг дүнгэнэлдээд монголд ашиг биш бүр гай болох дөхсөн. Эцэстээ дотооддоо учраа олцгоож, хамаг өрийн гол буруутан хөрөнгө оруулалтын гэрээнд байгаа зээлийн хүүгийн асуудал энэ жил дахин хуваарийн дагуу сөхөгдөж, өнгөрсөн долоо хоногт 2 тал уулзаж, энэ 11 сард хэлэлцээний ширээний ард суухаар болж, түр засварласан аж.
Монголын талыг Сангийн сайд Б.Жавхлан ахлан ажиллаж буй. Хэвлэлүүдийн өмнө хэлэлцээний тактикаа дэлгэх боломжгүй гэсэн үгээр амыг нь таглаж, ерөнхий мэдээлэл өгч буй.



“Оюутолгой” төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн хувийн зохистой байдлыг хянан үзэх хэлэлцээ албан ёсоор эхэлснийг баталгаажуулсан байна. Улмаар 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Хэрэв дурдсан хугацаанд зөвшилцөлд хүрэхгүй бол дээрх хугацааг сунгахаар талууд тохиролцов.Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн хувийг олон улсын зах зээлийн стандартын дагуу тогтоох, зээлийн хүүтэй холбоотой бусад нөхцөлүүдийг авч хэлэлцэхээр тогтлоо.
Мөн менежментийн үйлчилгээний төлбөрийн тухайд олон улсын жишигт нийцсэн, шударга, хүлээн зөвшөөрөхүйц шийдлийг олохоор ажиллах, хэлэлцээний явцад ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өөрчлөхгүй байхыг эрмэлзэнэ хэмээн талууд тохирсон байна.
Долоон жилийн дараа 2 тал уулзаж буй эхний уулзалт амжилттай болсон гэж Засгийн газар дүгнэсэн. Арга ч үгүй биз.
Гэхдээ,
– Зээлийн хүүг өөрчлөх ээлжит 7 жилийн хугацааг сунгасан гэж байгаа нь сайн мэдээ мэт боловч хэлэлцээрийн хугацаа нь нээлттэй үлдэж байгаа нь нөгөө талдаа тодорхойгүй болж үлдэх сөрөг талтай. Ингэснээр өглөө та бидэнд нэмэгддэг 10 тэрбум төгрөгийн хүүгийн өр нэмэгдсээр байх болно.
– Хэлэлцээр баасан гаригт дууссан. Рио тинтогийн тал яваад өгснөөр энэ асуудал ямар ч хугацаанд үргэлжилж магадгүй болж байна. Уг нь зээлийн хүүг 2-3 эсвэл 4-5 хувиар буулгаж чадсан, ингэснээр өдөр бүрийн 10 тэрбум төгрөгийн хүүний өр 5 тэрбум ч юм уу ямар нэг буурсан гэсэн бодит шийдэл илүү чухал байлаа.
– Өмнө нь бас 2018 онд байдал яг ийм байдалтай дууссан удаатай. Тэр давтагдахгүй гэсэн баталгаа бас л алга. Одоо бол Монголчуудад бодит үр дүн л хэрэгтэй байна.
– Айвенхоу Майнз Оюу толгой төслөөс гарч Рио тинто Төлөөлөн удирдах зөвлөлийн олонх болсон, Менежментийг хариуцан ажилладаг гээд бид Рио тинтог хянах боломжгүйгээс алдаж байдаг менежментийн алдагдалтай зардлуудыг нэхэмжлэх, их хэмжээний хүүнд өгсөн төлбөр дээрээ алданги ярьж, ард түмэнд ирэх ёстой 53 хувийг нэхэх, суурь гэрээнүүдийг эргэн харж өөрчлөх тухай ярих, болохгүй бол лиценз цуцлах тухай ярьж монголчуудад ашигтайгаар шийдүүлэх шаардлага байгаа.






