
Чи яагаад цэцэрлэгтээ явахгүй байгаа вэ?
- Багш мөнгөгүй болчихсон.
Тэгвэл хэзээ цэцэрлэгтээ явах вэ?
- Багшийг зөндөө мөнгөтэй болохоор
Захын хорооллын нэгэн хашаанд таван настай ах нь гурван настай дүүгээ гэртээ хараад дотроосоо цоожлоод үлдэж. Аав, ээж нь камераар хянадаг тулдаа л тэд аюулгүй гэж өөрсдийгөө тодотгоно. Гэвч цаг мөч, хором бүхэн хараад сууж байх боломжгүй учир үнэхээр аюулгүй юу гэвэл, үгүй…
Тэдний ээж нь бага ангийн багш, аав нь ТҮК-д ажилладаг.
Энэ гэр бүл өмнө нь /11 хоногийн өмнө/ хүүхдүүдээ цэцэрлэгт нь өгчихөөд, хоёр талд санаа зоволгүй ажлаа хийгээд явдаг байсан ч багш нарын ажил хаялттай холбоотойгоор багшийн хүүхэд багшгүй, ээжгүй өдөр хоногийг өнгөрөөж байгаа аж.
Гэр нь ойрхон тулдаа цайныхаа цагаар орж ирээд хоол хийж өгнө. Хол байсан бол очих гэсээр байтал өдөр өнгөрөх биз.

Манай сурвалжлах баг Нийслэлийн ерөнхий боловсролын 87-р сургууль дээр очиж хүүхдээ гэртээ үлдээсэн багш байна уу гэж асуутал цөөнгүй хэдэн багш, үйлчилгээний ажилтан гараа өргөж байлаа. Тэр дундаас нэгэн залуухан бага ангийн багшийг даган гэрт нь очихоор болов.


Энэ эмэгтэйг Б.Дэлэгмаа гэдэг. Бага ангийн багшаар ажиллаад 7 жил болж буй. Сурагч ахуйдаа бага ангийнхаа багшаа харж “яг л ийм хүн болно” гэсэн бодлоос түүний мөрөөдөл тодорч, өнөөдрийг хүртэл дуртай ажлаа нандигнаж хийсээр ирсэн.
Гэтэл гэр бүл зохиож, ам бүлийн тоо ихэссэн цагаас эхлэн тэрээр нэг зүйлийг анзаарч эхэлжээ.
Авдаг цалин нь ам тосдох төдий. Аз жаргалтай байна гэх нэрийдлээр ар амьдралаа үл ойшоож. Бодит байдал дээр түүний нөхөр нь байгаа тулдаа аливаа асуудлыг асуудал биш гэж харсаар хайрлагдсаар ирж. Гэтэл бага ангийн багш тул нэг хичээл заадаг багшийг бодвол нэмэгдэл урамшуулал нь бага, илүү цаг, ажлын ачаалал их. Гэртээ ирсэн ч маргаашийнхаа хичээлийг бэлдэж нойроо хугаслах шөнүүд цөөнгүй аж.


Б.Дэлэгмаа “Нөхөр байгаа тулдаа л…” гэж хэлсэн.
Тийм ээ, түүний нөхөр ТҮК-ийн ажилтан.
Өглөө хамгийн эрт гарч, жилийн дөрвөн улирал хөдөлмөрлөдөг түүний нөхөр шиг хүмүүсийн цалин хангалттай байх нь зөв. Гэлээ ч энэ хоёрыг харьцуулахад бэрх. Туйлын үнэн гэж байдаггүй шүү дээ.
Аав, ээж нь ийнхүү хоёул цаг наргүй ажиллаж байх хооронд хүүхдүүд нь цэцэрлэгтээ явалгүйгээр хоёр биенээ харж гэртээ үлдэнэ. Ах нь дөнгөж таван настай. Өөрийгөө ихэд томоор мэдэрч, хэдийнэ биеэ даасан, хэрсүү ухаан гаргаж байгаа нь айлын томуудын нийтлэг төрх.
Гэтэл энэ хүүхдүүд гэртээ цаашдаа аюулгүй байх уу гэдэг баталгаа алга. Төрийн томчуул сандал суудлаа булаацалдаж байхад хэдэн багш нар нь цалингаа нэмүүлэхээр ажил хаялт зарлаад мянга мянган монголын үрс сурч боловсрох эрхээ эдлэж чадахгүй байгааг ухамсартайгаар ойлгож байгаа шийдвэр гаргагчид ер нь байгаа болов уу.
Эцэг, эхчүүд “бид нар хүүхдээ хараад байж байя, та хэд маань цалингаа заавал нэмүүлээрэй” гэж багш нартаа урам өгч байгаа.
Гэтэл эцэг эхгүй, үдийнхээ цайгаар өдрийн хоолоо даадаг, хичээлдээ ирж тайван байдаг тэдгээр хүүхдүүд одоо ямар нөхцөлд байгаа бол гэж багш нарын яс нь хавталзаж байгаа тухайгаа хэлцгээж байлаа.
Бид 87 дугаар сургуулийн үйлчлэгч Б.Маанамхайгийн хамт тэднийд мөн очлоо.
Таван хүүхэд нь гэртээ галаа түлээд, түнтийтлээ улайчихсан, телевизор, утсаа оролдоцгоогоод хэвтэж байсан.


Тэдний том охин одоо есдүгээр анги. Сургуулиа төгсөөд багш мэргэжилтэй болох мөрөөдөлтэй.
Одоо багш чинь цалингаа нэмүүлэхээр ажил хаялт зарлачихсан байгаа, хэрэв нэмүүлж чадахгүй бол чиний мөрөөдөл хэвээрээ байх уу?
- Тэгвэл өөр мэргэжилтэй болно гэнэ.
Багшийн мэргэжил гэдэг багаасаа хүсэж мөрөөдөж болдог ажил. Түүндээ ч энэ мэргэжлийн үнэ цэн оршдог байх.
Б.Маанамхайгийн хувьд гэртээ хүүхдүүд, дүү нар нийлээд 11-үүлээ амьдардаг. Авдаг цалин нь 800.000 төгрөг. Багш болох мөрөөдөлтэй байсан ч хөдөө амьдарч байгаад биелүүлж чадаагүй ч эрдмийн их өргөөний инээд цацруулсан үйлчлэгч болсондоо тэр баяртай явдаг.
Сургууль, цэцэрлэг зөвхөн багшаар бүтдэг гэвэл үгүй. Мужаан, үйлчлэгч, тогооч гээд эд эс бүхнийг нь бүрдүүлж багшийн ухаан биш ч амьдралын ухаан заадаг хүмүүс боловсролын байгууллагад түүн шиг олон бий.
Наанадаж шавхайтай гутлаа арчиж орох, хогоо хогийн саванд хийх гээд олон зүйлийг хүүхэд багачуудад хэлж зөвлөн, ХҮН болох ухааныг заадаг нь сургуулийн үйлчилгээний ажилтнууд байдаг аж.
Гэтэл боловсролын байгууллагад ажилладаг хэн бүхний цалин хамгийн доод хэмжээнд байгаа нь тэднийг хайртай, дурласан, мөрөөдсөн энэ салбараасаа явах, шантрах хэмжээнд хүргэсэн нь Монгол төрийн эмгэнэл мөнөөс мөн.
Энэ бүхний цаана мянга мянган үрс цоожтой хаалгатай гэртээ үлдсэж, багшийгаа мөнгөгүй болохоор цэцэрлэг, сургуульдаа явж чадахгүй болсон гэж ойлгон, орой ээж аавыгаа ажлаа тарж ирэхийг хүлээн, харуулдан суугаа.
Тэдний аюулгүй байдал нэн тэргүүнд биш үү П.Наранбаяр сайд аа!!!






