
Улаанбаатараас Даланзадгад чиглэлд нисээд ирлээ. Оюу толгой, “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн 10 жилийн ойн нээлттэй өдөрлөгт оролцсон юм.
Улаанбаатараас хөдлөхөд л автобусны жолооч болон Оюу толгой компанийн сэтгүүлчдийг хариуцаж яваа ажилчид суудлын бүсээ зүүхийг анхааруулдаг юм байна. Бүр “Суудлын бүсээ зүүхгүй бол хөдлөхгүй” гэдэг аж. Үүнээс цааш ч гэсэн бараг тав, зургаан удаа сануулсан байх аа.
Суудлын бүсийг ийнхүү ягштал зүүлгэж байгаа нь Оюу толгой компанийн нэгж, ажилтан бүр хөдөлмөрийн аюулгүй байдлыг өндөр түвшинд мөрддөг болохыг харж болохоор. Суудлын бүс зүүх нь хэдийгээр байдаг л асуудал мэт боловч хүнд аюулгүй мэдрэмж төрүүлдэг хамгийн энгийн, бас чухал зүйл юм байна.
“Аюулгүй мэдрэмж” гэдгийг сэтгэл зүйд хүн өөрийгөө хамгаалагдсан, итгэлтэй, тайван орчинд байна гэж мэдрэхийг хэлдэг. Энэ мэдрэмж нь хүний сэтгэлзүйн эрүүл мэнд, харилцаа, амьдралын чанарт маш чухал үүрэгтэй аж. Тэгэхээр би суудлын бүсээ зүүж явсан учраас тун аюулгүй мэдрэмжтэй ирсэн нь энэ.
Харин Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төр, боловсролыг нэгэн автомашин хэмээн авч үзвэл тодорхой хэмжээнд аюулгүй мэдрэмж төрүүлдэг, суудлын бүс нь Оюу толгой юм байна.
Бид Оюу толгойн нээлттэй өдөрлөгт багш мэргэжилтэй нэгэн эмэгтэйтэй уулзав. Саяхан ажлаасаа гарсан тэрбээр шинэ ажил хайж иржээ.

“Багшийн цалин хүрэлцээ муутай, цаг зав бага учраас аюулгүй, найдвартай орчинд ажиллахыг хүсэж байна” хэмээн ярьж байсан юм. Тэр бас л орлогын хувьд аюулгүй, тогтвортой байхыг эрэлхийлж буй нь энэ.
Түүний адил олон хүн энэ өдөрлөгт ирж, ажил, сургалт, тэтгэлгийн боломжийн талаар мэдээлэл авч байлаа.
Оюу толгой иргэдээс гадна жижиг, дунд бизнес эрхлэгчдэд ч гэсэн суудлын бүс нь болж аюулгүйн мэдрэмжийг төрүүлдэг аж.
Нэгэн жишээ нь “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гаас 25 сая төгрөгийн зээл авч алдарт “Говийн хийцтэй цай” брэндийг үүсгэн байгуулсан Э.Цогбаяр байлаа. Тэр одоо 15 ажилтантай, томд жижигдэхгүй, жижигт томдох компанийн эзэн болж, эдийн засаг, амьдралын чанарын хувьд суудлын бүсээ зүүж чаджээ.


Э.Цогбаяр: “Говийн хийцтэй цай”-гаар 21 аймаг, есөн дүүргийг хангаж чадсан. Одоо Солонгос руу экспортлоно”

Энэ хийцтэй цайг уувал нэг өдрийн өл дааж болно гэдгийг өөрийн бие дээр туршиж үзсэн юм.
Ингээд “Цог ялалт” ХК-ий захирал Э.Цогтбаярын яриаг хүргэе.
“Манай монголчууд сүүлийн үед харьцангуй дор бүрнээ үйлдвэрлэгч байх гэж хичээж, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлсээр байна. Миний хувьд “Говийн хийцтэй цай” брэндээ 2018 онд анх санаагаа олж, хөгжүүлэлтээ 2–3 жилийн хугацаанд хийсэн. Үйлдвэрлэлээ 2022 оноос эхлүүлсэн. Анх 25 сая төгрөгийн зээл авч байлаа.
Манай говийнхны хэлж заншсанаар үдийн унд буюу будаатай цай гэж байдаг. Маш өег, тэжээллэг. Хүүхэд ахуй цагаасаа л эмээгийнхээ чанасан цайг ууж өссөн. Орчин цагт нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхах гээд хүмүүс маш завгүй болсон. Тиймээс бид хүний бие организмд маш сайн говийн брэнд цайг бий болгосон. Цайныхаа орц найрлагыг улам боловсронгуй болгож, аяганд шууд найруулаад уухаар болгож бэлтгэсэн юм. Энэ нь хэрэглэгчдийн таашаалд их хүрсэн.
Баруун болон Төв халхууд, Хөвсгөл гээд бүгд өөр өөрийн онцлог шинж чанарыг агуулсан цайтай. Гэвч монголчуудын цайны ерөнхий хийц адилхан учраас манай үйлдвэрлэж байгаа цай хаана ч эрэлт хэрэгцээтэй байгаа. Нутгаасаа гараад олон жил болж байгаа аав, ээж, нутаг усаа санасан хүмүүст манай цай их таалагддаг. Цайг маань уучихаад “нутаг амтагдлаа” гэж манай пэйж хуудсанд сэтгэгдэл бичдэг. Одоо цаашид БНСУ-д гаргахаар хэлэлцэж байгаа” хэмээн ярив.
Боломжийг олж харж, бизнесээ босгож чадсан нь ганцхан Э.Цогтбаяраар зогсохгүй. Зөвхөн Өмнөговь аймагт л гэхэд 131 иргэн бий.


“Оюу толгой” компанийн Орон нутгийн харилцааны ажилтан П.Энх-Эрдэнэ энэ тухай албан мэдээллийг өгөхдөө “2016 оноос Өмнөговь аймгийн иргэд, аж ахуйн нэгжийн бизнесийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн. 2016–2025 оны хооронд 131 бизнес эрхлэгчид нийт 5.7 тэрбум төгрөгийн зээл олгож, 700 гаруй байнгын болон түр ажлын байр бий болгосон” хэмээн ярьж байлаа. Энэ бол зөвхөн тус аймагт оруулсан бодит тоо. Монгол орон даяар гэвэл 10 жилийн хугацаанд 550 гаруй төсөл, хөтөлбөрөөр 840,000 хүнд үр өгөөж өгсөн гэдэг тоо баримт бий.
Оюутны зээлд хамрагдаж аюулгүйн бүсээ зүүсэн залуусын нүд нь гэрэлтэж байна

Оюутны зээлд хамрагдаж чадсан оюутнуудын төлөөлөл А.Бээжинхүү, Ж.Энхдэлгэр нар “Маш их баярлаж, догдолж байна. Энэ тэтгэлгийг л авна хэмээн том зорилго тавин суралцсан. Голч маань 3.2-оос их байх ёстой гэсэн шаардлагатай. Голчоо хадгалах, хажуугаар нь нийгмийн ажилд оролцох гэх мэтчилэн маш их сахилга бат шаарддаг. Тэтгэлгийн мэдээллийг цахимд нээлттэй байршуулсан байдаг болохоор та бүхэнд ч гэсэн боломж бий шүү” хэмээн хэлж байлаа.
Тэднээс гадна уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж их сургуулиа төгссөн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Зургаадугаар сургуулийн бага ангийн багш Д.Гэрэлмаа ийнхүү ярьж байна. Тэрбээр “Энэ тэтгэлэг олон оюутан залууст боломж болгодог юм. Би бага ангийн багш мэргэжил эзэмшиж ирээд одоо 8 жил орон нутагтаа багшилж байна” гэв ээ.
Жич: Д.Гэрэлмаа багшийн ажилладаг Зургаадугаар сургууль ч мөн адил “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн мөнгөөр баригдсан юм байна. Уг сургууль 1,200 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай аж.
Харин нөгөө талаас уг сангийн материал, оюутнуудын тэтгэлгийг хариуцдаг “Говийн оюуны хөтөч” ТББ-ийн тэргүүн Б.Наранцэцэг ярихдаа “‘Говийн Оюу’ тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын 85 хувь нь орон нутагтаа ажиллаж байна. 2016–2025 оны хооронд нийт 763 оюутан тус хөтөлбөрт хамрагдаж, 2 тэрбум гаруй төгрөгийн санхүүгийн дэмжлэг авсан бөгөөд тэтгэлэгт хамрагдан төгссөн оюутнуудын 85 хувь нь орон нутагтаа ажиллаж байна” гэдгийг онцолсон юм.
О.Цэрэннадмид: Өмнөговь аймгийн эмнэлэг диабетын төвтэй боллоо

Нээлттэй өдөрлөгөөс гадна Өмнөговь аймгийн төв эмнэлэгт диабетын төвийг шинээр нээх ёслол болж, орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн чиглэлд бодит хөрөнгө оруулалт хийж байгааг харууллаа.
“Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-гаас өнгөрсөн 10 жилийн хугацаанд зөвхөн боловсролын салбарт бус, эрүүл мэндэд ч олон төсөл хэрэгжүүлжээ.
Оюу толгойн Бүсийн хөгжил хариуцсан Ахлах менежер О.Цэрэннадмид “Барилга байшин, тоног төхөөрөмжийг нийлүүлэхээс гадна, урт хугацааны 5 жилийн эрүүл мэндийн нэгдсэн хөтөлбөрийг аймагтай хамтран хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд төсвөөс боломжгүй байгаа чадавхжуулах сургалт, туршлага судлах аялал, зарим тоног төхөөрөмжийг бүрэн шийдэж өгдөг. Энэ жил бид хөтөлбөрийнхөө хоёр дахь жилийг хэрэгжүүлж байна.
Нийтдээ 5 жилийн хугацаатай, 5 тэрбум төгрөгийн эрүүл мэндийн нэгдсэн хөтөлбөр юм. Энэ төвийн гол зорилго нь чихрийн шижин өвчнийг урьдчилан оношлох, өвчтөнүүдийг байнгын хяналтад байлгах, зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэхэд оршино. Мөн аймгийн бүх эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад чадавхжуулах сургалт, гадаад туршлага судлах боломжийг олгож, эмнэлгийн үйлчилгээг сайжруулахад чиглэж буй юм.
Ийнхүү Оюутолгой, “Говийн Оюу сан” нь зөвхөн уул уурхайн ашиг орлогоос гадна говийн ард иргэдийн боловсрол, эрүүл мэнд, амьдралын чанарт шууд нөлөө үзүүлж буй бодит хөрөнгө оруулалт болж байгааг энэ төвийн нээлт харуулж байна” гэлээ.






