
Д.Трамп, Си Жиньпин нар Бусан хотын нисэх онгоцны буудлын нутаг дэвсгэр дээр уулзав
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпин нарын уулзалт БНСУ-ын Бусан хотын Кимхэ олон улсын нисэх онгоцны буудлын нутаг дэвсгэр дээр болж өнгөрөв. Уулзалт болох газрыг хоёр орны төрийн тэргүүнүүдийн шахуу хуваарь болон аюулгүй байдлыг бодолцон сонгосон байх өндөр магадлалтай юм.
Учир нь БНСУ-ын Кёнжү хотод болж буй Ази Номхон далайн Эдийн засгийн хамтын ажиллагааны чуулганд хүрэлцэн ирж буй улс орнуудын төрийн тэргүүнүүдийн зарим нь Кимхэ нисэх онгоцны буудлаар дамжин ирж байгаа тул Өмнөд Солонгосын эрх баригчид тус онгоцны буудлын хамгаалалтыг өндөржүүлсэн аж.
Уулзалт эхлэхээс өмнө хоёр орны төрийн тэргүүнүүд гар барьж, зургаа авахуулсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хоёр улс сайн харилцаатай байж ирсэн тул уулзалт амжилттай болно гэж итгэж байгаагаа илэрхийлсэн бол Си Жиньпин Д.Трамптай уулзахдаа баяртай байна гэжээ.
Д.Трамп, Си Жиньпин хоёр хамгийн сүүлд 2019 онд Японы Осака хотод болсон “Их-20”-ийн чуулга уулзалтын хүрээнд уулзаж байсан юм. Уулзалтад хоёр орны төрийн тэргүүнүүдээс гадна АНУ-ын талаас Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, АНУ-ын Худалдааны төлөөлөгч Жэмисон Грийр, Сангийн сайд Скотт Бессент, Худалдааны сайд Ховард Лютник, Цагаан ордны Тамгын газрын дарга Сюзи Уайлс, БНХАУ-д суугаа АНУ-ын элчин сайд Дэвид Пердю нар, БНХАУ-ын талаас Гадаад харилцааны сайд Ван И, Гадаад харилцааны дэд сайд Ма Жаошю, Ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн, Ёрөнхийлөгчийн тамнын газрын дарга Хай Чи, Худалдааны сайд Ван Вэнтао, Үндэсний Хөгжил, шинэчлэлтийн зөвлөлийн дарга Жэн Шаньжи нар оролцжээ.
Уулзалтын эхэнд Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпин АНУ, БНХАУ хоёр улс хоорондоо санал зөрөлдөх нь хэвийн үзэгдэл гэдгийг онцолж, хоёр улс түншийн болон нөхөрлөлийн харилцаатай байх нь зүйтэй хэмээн онцолжээ. Түүнчлэн Хятадын төрийн тэргүүн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын Газын зурвасын дайн, Тайланд-Камбож хоёр улсын зөрчилдөөнийг зогсооход онцгой хувь нэмэр оруулсан явдалд талархаж буйгаа илэрхийлжээ.
Хоёр улсын төрийн тэргүүнүүдийн уулзалт төлөвлөснөөс удаан буюу 1 цаг 40 минут үргэлжилсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын БНСУ дахь айлчлал энэхүү уулзалтаар дуусгавар болж байгаа бол Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпин Кёнжү хотод болж буй Ази Номхон далайн Эдийн засгийн хамтын ажиллагааны чуулганд оролцохоор хөдөлжээ.






