
Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангитай хамтран орон нутагт осол гэмтэлд өртсөн иргэдэд яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлэх, нисдэг тэргээр лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад тээвэрлэн хүргэх, эмч сувилагчийг ажлын байран дээр сургаж чадавхижуулах чиглэлээр олон талт үйл ажиллагааг зохион байгуулж буй.
Энэ хүрээнд өнгөрөгч өдрүүдэд Өвөрхангай аймагт осолдсон иргэдийг Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн тусгай баг нийт гурван удаагийн нислэгээр тээвэрлэн авчирсан бөгөөд ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасаг, Эрчимт эмчилгээний тасаг, Мэс засал, мэдээгүйжүүлэгийн нэгдсэн тасаг, Хавсарсан гэмтлийн мэс заслын тасагт шаардлагатай тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэн эрүүл мэнд, амь насыг нь аварчээ.







