
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 1.3 сая тонн хадлан бэлтгэжээ
Улсын Онцгой Комиссын (УОК) хуралдаан болж, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, цаг уурын төлөв байдал, мал аж ахуйн салбарын нөхцөл байдлын талаар хэлэлцэв.
Монгол орны нийт нутгийн 46 хувь нь гантай болон гандуу, үлдсэн 54 хувь нь хэвийн зуншлагатай байжээ. Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн боловсруулсан зудын эрсдэлийн зураглалаар 54 хувь бага, 21 хувь нь дунд, 25 хувь нь их эрсдэлтэй байх төлөвтэй байна. 2025-2026 оны өвөл, хаврын улиралд улсын хэмжээнд 1,656 багийн 213.3 мянган малчин өрх нийт 65.7 сая толгой мал өвөлжиж, хаваржина. Үүнээс 17.5 мянган малчин өрхийн зургаан сая толгой мал отроор өвөлжиж, хаваржихаар зохион байгуулалт хийгдэж байгааг онцлов.
Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам (ХХААХҮЯ)-ны харьяа аймаг дундын отрын бүс нутгуудад 2025-2026 онд 12 аймгийн 35 сумын 651.9 мянган хонин толгой мал өвөлжиж, хаваржихаар шийдвэрлэсэн гэлээ.
Улсын тусгай хамгаалалттай болон хилийн зурвас газарт 7.7 мянган малчин өрхийн 3.2 сая толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан судалгаа гарсан байна. Хилийн зурвас болон тусгай хамгаалалттай газрын ашиглалт 11 аймгийн 33 сумын хил орчмын газарт 427 малчин өрхийн 315.7 мянган мал өвөлжүүлж, хаваржуулах боломжтой гэж урьдчилсан тооцоолол гарчээ.
Гэвч аймаг, сумдаас 2,577 малчин өрхийн 1.1 сая толгой мал хилийн зурвас газарт өвөлжиж, хаваржих хүсэлт ирүүлсэн тул тус бүс нутгийн ашиглалтын хүрээг дахин тодотгож, боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.
2025 оны байдлаар улсын хэмжээнд 1.3 сая тонн хадлан, 4.7 мянган тонн сүрэл, 51 мянган тонн ногоон тэжээл, 26 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 29.3 мянган тонн гар тэжээл, 3.4 мянган тонн дарш, 66.9 мянган тонн давс, хужир бэлтгэж байна. Монгол Улс 2025-2026 онд нийт 162 мянган тонн мах экспортлох нөөцтэй байгаагаас 59 аж ахуйн нэгж нийт 211.2 сая ам.долларын үнэ бүхий 51 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолсон талаар танилцууллаа.
Өнгөрөгч Даваа гарагийн байдлаар улсын хэмжээнд үр тариа, төмс, хүнсний ногооны ургац хураалтын ажил үндсэндээ дуусаж, үтрэм дээрх ангилан ялгах, цэвэрлэх ажил үргэлжилж байгааг цохон тэмдэглэсэн.
Нийт 220.6 мянган га талбайгаас 242.6 мянган тонн үр тариа хураан аваад байна. Үүнээс 210.5 мянган га-гаас 240.0 мянган тонн улаан буудай, 9.9 мянган га-гаас 101.5 мянган тонн төмс, 15.1 мянган га-гаас 196.6 мянган тонн хүнсний ногоо, 54.3 мянган га-гаас 86.9 мянган тонн малын тэжээл, 47.4 мянган га-гаас 22.3 мянган тонн тосны ургамал тус тус хураан авчээ. Ургац хураалтын эцсийн дүнг арваннэгдүгээр сарын 5-нд танилцуулна.
Эх сурвалж: Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам






