
АНУ-ын мужууд төрөл бүрийн амт, үнэртэй электрон тамхийг хоригложээ
АНУ-ын нийт нутаг дэвсгэрт электрон тамхи татахыг хуулиар хориглосон ямар нэг журам байхгүй. Тус улсын Хүнс ба Эмийн хяналт, зохицуулалтын алба Гэр бүлийн орчин дахь тамхидалтаас урьдчилан сэргийлэх, Тамхины хяналтын тухай хуулийн дагуу электрон тамхины эрүүл мэндийн эрсдэл, борлуулалт дээр төвлөрч, зохицуулах үйл ажиллагаа явуулдаг.
Америкийн Хүнс ба Эмийн хяналт, зохицуулалтын алба электрон тамхинд агуулагддаг никотин хэмээх донтуулагч бодис нь хүүхэд залуусын анхаарал төвлөрөлт, сурах чадвар, сэтгэл хөдлөл, өөрийгөө хянах чадвар зэргийг хариуцсан тархины хэсгийг гэмтээдэг болохыг анхааруулж, АНУ-ын мужууд төрөл бүрийн үнэр, амттай электрон тамхины борлуулалтыг хязгаарлаж эсвэл хориглох замаар хүүхэд залуусын дундах электрон тамхины хэрэглээг бууруулахыг оролдож байна. АНУ-ын муж тус бүрт электрон тамхины тухай журам өөр өөр байх нь элбэг бөгөөд 2025 оны байдлаар Америкийн дийлэнх мужууд төрөл бүрийн амт, үнэртэй электрон тамхийг хоригложээ. Калифорни муж 2022 оноос хойш дэлгүүрүүдэд амт, үнэртэй электрон тамхи борлуулахыг хориглосон бол 2025 оны 1-р сарын 1-нээс цахимаар борлуулахыг нь хоригложээ. 2025 оны 1-р сарын 1-нээс Юта, Рөүд Айлэнд мужууд уламжлалт тамхины болон гааны амттай электрон тамхинаас бусад амт, үнэртэй электрон тамхины борлуулалтыг хориглосон байна.
Массачусеттс, Нью Жерси, Нью Йорк мужууд, Колумбийн тойрог, Чикаго, Денвер, Коламбус хотуудад зөвхөн тамхины амттай электрон тамхи борлуулахыг зөвшөөрч байгаа бол Мэрилэнд мужид амт, үнэртэй электрон тамхийг насны хязгаартай үйлчлүүлдэг газруудад л борлуулж эхэлжээ. Цахим борлуулалтын хувьд Арканзас, Жоржия, Хавай, Мэйн, Небраска, Орегон, Өмнөд Дакота, Юта болон Вермонт мужуудад электон тамхины цахим худалдааг хэсэгчлэн болон бүрэн хоригложээ. 2024 оны 9-р сарын 30-ны байдлаар АНУ-ын Калифорни, Колорадо, Коннектикут, Делавер, Хавай, Иллинойс, Мэрилэнд, Массачусеттс, Миннесота, Небраска, Нью Жерси, Нью Мехико, Нью Йорк, Хойд Дакота, Охайо, Орегон, Рөүд Айлэнд, Өмнөд Дакота, Юта, Вермонт зэрэг 20 муж, Колумбийн тойрог болон Пуэрто Рикод зоогийн газар, уушийн газар, оффис зэрэг олон нийтийн газар утаат тамхи, электрон тамхи татахыг хоригложээ.
АНУ-д электрон тамхийг 21-ээс дээш насныханд хэрэглэхийг зөвшөөрдөг ч тус улсад электрон тамхи хэрэглэгчдийн багагүй хувийг хүүхэд залуус эзэлдэг байна.
Судалгаагаар электрон тамхи татдаг АНУ-ын дунд болон ахлах сургуулийн хүүхдүүдийн дийлэнх нь электрон тамхинаас гарахыг хүсдэгээ илэрхийлжээ.






