
Цагдаа нар өнгөрсөн 7 хоногт Луврын музейгээс Францын хатдын гоёл чимэглэл, үнэт эдлэлүүдийг хулгайлсан дөрвөн этгээдийн хоёрыг нь баривчилжээ.
BFMTV сувгийн мэдээлснээр цагдаа нар Луврын музейн дээрмийн хэрэгтэй холбоотойгоор өнгөрсөн бямба гарагийн орой 30-аад насны хоёр эрэгтэйг баривчилжээ. Дээрэм үйлдсэн этгээдүүдийн хэн болохыг тогтоохын тулд цагдаа нар сэжигтнүүдийн ДНХ буюу удамшлын материалыг ашигласан ба хууль сахиулагчид дээрх хоёр этгээд нь хоёулаа Парис хотын захын Обервилье дүүрэгт оршин суудаг болохыг тогтоожээ.
Парис хотын прокурор Лор Бекью дээрэмчдийн нэг нь Шарль де Голлийн нисэх онгоцны буудлаас онгоцонд суун, Францын нутаг дэвсгэрээс зугтахаар оролдсон тухай мэдэгдсэн бол BFMTV сувгийн мэдээлснээр сэжигтэн Алжир луу нисэхээр төлөвлөсөн байсан ч түүнийг хилийн шалган нэвтрүүлэх дээрээс саатуулжээ.
Өнгөрсөн долоо хоногт Луврын музейг онгойгоод удаагүй байхад нь тус музейн хоёр давхарт байрлах танхим руу дээрэмчид нэвтрэн орж, Францын хатдын эдэлж хэрэглэж байсан үнэт эдлэлүүдийг хулгайлж, зугтсан хэрэг гарсан билээ. Дээрэмчид өргөгч кран ашиглан, музейн цонхыг хагалж, дотогш нэвтэрсэн ба хэдхэн минутын дотор 102 сая орчим ам.долларын үнэ бүхий үнэт эдлэлүүдийг хулгайлж, зугтсан юм.
Уг хэргийн дараа Францын Хууль зүйн сайд Жералд Дарманен энэхүү дээрэм нь Францын төдийгүй дэлхийн хамгийн алдартай музейн аюулгүй байдал хангалтгүй байгааг харуулсныг хүлээн зөвшөөрсөн билээ.
Эх сурвалж: CNN






