
Эмч, эмнэлгийн ажилтнууд цалингаа 3.5 саяд хүргэх шаардлага тавиад, Сүхбаатарын талбай дээр суулт зарлаад 7 хоног өнгөрсөн.
Харин тэд өнөөдрөөс ажил хаялт зарлаж эхэллээ.
Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо өнөөдөр 12:00 цагт салбарын эмч, сувилагч, ажилтнууд 7 хоногийн турш суулт хийсэн ч төр, засгаас тодорхой арга хэмжээ аваагүй тул тэмцлийн дараагийн шат АЖИЛ ХАЯЛТ зарлахаар болсноо мэдэгдэх аж.
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ч.Нарантуяатай ярилцлаа.
Та бүхний суулт 7 хоног үргэлжиллээ. Үр дүн гарч байна уу?
– Эмч, эмнэлгийн ажилтнууд урт хугацаагаар, ээлжээр шөнөжин ажилладаг ч авч байгаа цалин орлого нь хүрэлцдэггүй. Цар тахлын үед эрүүл мэндийн салбарынхан өргөсөн тангарагтаа үнэнч байж, сөхөрч унатлаа л ажиллаж байсан.
Харамсалтай нь тэдний авч буй цалин маш бага. Тиймээс л энэ тэмцэл хөдөлгөөнийг бид өрнүүлж байна. Тэр байтугай сумдын эмнэлгүүд бас өрнүүлээд эхэлсэн.
Одоо бүр багш нартай зэрэгцээд ажил хаялтад оролцмоор байна гэж бид нарыг шахаж байгаа. Гэхдээ бид юу юуны духанд хүрэлгүй хууль дүрмээ сахиж, хугацаагаа харж байж ажил хаялтаа зохион байгуулахаар төлөвлөж байсан. Гэсэн ч бидний шаардлагад одоог хүртэл хариу ирүүлээгүй учраас ажил хаялтаа шилжиж байна.

Багш нарын ажил хаялт үргэлжилж, хүүхдүүд маань цэцэрлэг, сургуульдаа явж чадахгүй байна. Гэсэн ч шаардсан хэмжээнд хүртэл цалинг нь нэмэх боломжгүй гэх. Та бүхэнд ч ийм зүйл тулгарахгүй юу?
– Эрүүл мэндийн салбарын ийм онцлог ажил хийдэг хүмүүсийг ажил хаяулахгүйгээр энэ тавьж байгаа шаардлагыг нь биелүүлэх байх аа гэж бид хүлээж байсан.
Биднийг ерөөсөө төр засаг тоохгүй байгаа шүү дээ.10 сарын 9-ний өдөр бид нар энэ Сүхбаатарын хөшөөний урд сууж, улсын хэмжээнд 10 мянган хүн оролцсон “Эрүүл мэндийн салбарын зөв шинэчлэлийн төлөө” гэсэн жагсаал цуглааныг хийсэн.
Энэ жагсаал цуглаанд оролцогчдоос УИХ, Засгийн газар, Эрүүл мэндийн сайдад шаардлага хүргүүлсэн. Шаардлагын хариуг 17-ны дотор өгөхийг хүссэн. Өнөөдрийг болтол шаардлагын хариу ирээгүй.
Биднийг энэ төр засаг сонсохгүй байна. Төр засаг бид нарыг юман чинээ тоохгүй байна. Тэгэхээр бид өнөөдөр тэмцлийнхээ үйл ажиллагааг өргөжүүлж ажил хаялт руу шилжих нь зүйтэй гэж үзэж байгаа юм.


Та бүхэн шаардлагадаа цалин орлого нэмэгдүүлэхээс гадна өөр асуудлуудыг тусгасан уу?
– Энэ тэмцэл бол эрүүл мэндийн салбарын тэмцэл биш. Иргэдийн эрүүл байх эрхийг хангалттай байлгахын төлөө бид бас жагсаж байгаа. Яагаад вэ гэхлээр гүйцэтгэлийн санхүүжилт гээд нэг сайхан нэр өгчихсөн гүйцэтгэлээр санхүүжээд бид нар гүйцэтгэлээрээ цалингаа авч чадахгүй байгаа.
Бүр эмнэлгүүдийн санхүүжилтийн гэрээ хийгээд тэр гэрээн дээр тавьсан үнийн дүнг нь бууруулж байна. Тэгээд тэр бууруулсан дүнгээр нь аваад эмнэлэг үйл ажиллагаагаа явуулах гэхээр хэдэн төгрөгийг нь эмч ажилтнуудынхаа цалинд өгөх юм. Хэдэн төгрөгөөр нь тэр иргэдийн эрүүл мэнд амь насыг хамгаалах эмчилгээ үйлчилгээнд зарцуулах юм. Энэ мөнгө нь хаанаа ч хүрэхгүй байгаа шүү дээ.
Тийм учраас би эмнэлгийн дарга удирдлагуудыг ирж энд байр сууриа илэрхийлээсэй гэж хүсэж байна.
Энэ тогтолцооны гажуудлыг гаргахын тулд тэмцэх нь зөвхөн хүйтэн цементэн дээр суучихсан энэ хэдэн хүний асуудал биш ээ. Энэ бол эмнэлгийн удирдлагууд бас дуу хоолойгоо хүргэх ёстой, яаж чадан ядан ажиллаж байгаагаа хэлэх ёстой талбар гэж үзэж байгаа.
Ингэж байж л эрүүл мэндийн салбараа аварч, салбарын гажуудсан тогтолцоогоо өөрчлөх, тэгж байж бид цаашаа илүү сайн үр дүнтэй ажиллана. Авдаг цалин ч нэмэгдэнэ. Ажиллаж байгаа хүмүүс маань сэтгэл хангалуун байж чадна. Ар гэртээ санаа зовохгүй хүн зоныхоо сайн хүүд мэндийн манаанд зогсож чадна.






