
Боловсролын салбарт ажиллаж байгаа 30 гаруй мянган багш, ажилчид цалин хөлсөө нэмүүлэх тэмцэлд нэгдэж, ажил хаялт зарлаад долоо хонож байна. Энэ хугацаанд дарга, сайд нар нь сандал суудлын хэрүүл хийж өөр хоорондоо тэмцэлдэн багш нарын үгийг сонсох сэхээтэй хүн олдохгүй байна.
62 дугаар сургуулийн эрхлэгч Б.Дваасамбуу: “Манай цэцэрлэгийн үйлчилгээний ажилчид сард 954,000 мянган төгрөгийн цалин авдаг. Тэр цалингаа сард хоёр хувааж авдаг. Тухайн ажилтны ард гэр бүл, үр хүүхэд нь байгаа шүү дээ. Заримдаа өрх толгойлсон ээжүүд ажилд орох тохиолдлууд байдаг. Хувь хүний хувьд цэцэрлэгийнхээ багш нарын цалин хөлсөө нэмэгдүүлэх тэмцлийг дэмжиж байгаа. Үйлчилгээний ажилчдын цалин бага байдаг болохоор хүний нөөцийн дутагдал үүсэж байна. Үйлчлэгч, гал тогооны угаагч, цагаан хэрэглэлийн угаагч хийх хүмүүс маань нэг сар ажиллаад л цалин бага гэх шалтгаанаар гарч байгаа тохиолдол байгаа”.
Бүлгийн багш Г.Анхзаяа: “Өнөөдрийн байдлаар манай цэцэрлэгийн 55 багш, ажилчид цалин нэмэх тэмцэлд нэгдэн зургаа дахь өдрөө ажил хаялтаа үргэлжлүүлж байна.
Сургуулийн өмнөх боловсролын багш тасралтгүй 10 цаг ажилладаг. Ар гэр, үр хүүхдээ умартан байж түмний хүүхдийн төлөө явж байгаа боловч авч буй цалин маань амьдралд минь хүрэлцэхгүй байна. Багш, багшийн туслах болон тогооч, үйлчлэгч, нягтлан, нярав гэх мэт олон хүмүүсийн хамтын үйл ажиллагаагаар цэцэрлэгийн үйл ажиллагаа явагдаж байдаг”.








