
Азийн залуучуудын III наадам Бахрейны Хаант улсын Манама хотод нээлтээ хийлээ.
Уг наадам Азийн олимпын зөвлөлийн ивээл дор 12 жилийн дараа дахин зохион байгуулагдаж байгаа юм.
Энэхүү наадамд Азийн 45 орны Үндэсний олимпын хорооны 4000 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин 10 хоногийн турш өрсөлдөнө.

Монгол Улсаас спортын 20 төрөлд 134 тамирчин, 43 дасгалжуулагчийн удирдлагад оролцож байна.
Нээлтийн ёслолд Монгол Улсын төрийн далбааг өсвөрийн шигшээ багийн ахлагч, сагсан бөмбөгийн тамирчин Б.Эмүжин, волейболын тамирчин Ц.Ананд нар залжээ.
Монголын үндэсний олимпын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа нар баг тамирчдаа ахлан нээлтэд жагссан байна.












