
Исландын шавж сонирхогч Бьёрн Хьялтасон өнгөрсөн 7 хоногт тус улсын нийслэл Рейкьявикаас баруун өмнөд зүгт байрлах Кьёс хөндийгөөс анх удаа шумуул олжээ. Исланд улс нь шумуул амьдардаггүй дэлхийн хоёрхон газрын нэг бөгөөд нөгөөх нь Антарктид тив юм.
Бьёрн Хьялтасон дэнгийн эрвээхийнүүд ажиглах явцдаа өмнө нь харж байгаагүй 3 шавж барьж авсныгаа байгалийн ухааны түүхийн институтын шавж судлаач Маттиас Альфредсонд илгээжээ. М.Альфредсон тэдгээр шавжнууд нь Culiseta annulata төрлийн шумуулнууд болохыг тогтоосон аж.
Culiseta annulata төрлийн шумуулнууд нь өвлийн улирлыг давах чадвартай цөөн шумуулнуудын нэг бөгөөд Европын зарим хэсэг болон Хойд Африкт өргөн тархсан байдаг ба Исландад хэрхэн орж ирсэн нь одоогоор тодорхойгүй байгаа аж.
Б.Хьялтасон шумуулнууд ачааны контенейрээр дамжин Исландад ирсэн байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа аж.
World Population Review сэтгүүлд бичсэнээр Исланд улсад шумуул байдаггүй нь тус улсад тэдгээрийг үржихэд шаардлагатай тогтоол ус байдаггүйтэй мөн цаг агаар сэрүүн байдагтай холбоотой аж. Тэгвэл энэ жил Исланд улс урьд хожид байгаагүйгээрээ халж, хэд хэдэн түүхэн рекордыг тогтоожээ.
Исландад 5-р сард агаарын хэм цельсийн +20 хэмийг давах нь ховор байдаг бол энэ жил Исландын хэд хэдэн бүс нутагт 10 хоног дараалан цельсийн +20-иос дээш халжээ. Түүнчлэн өнгөрсөн 5-р сард Исландын Эйильсстадир нисэх онгоцны буудлын орчимд цаг агаарын хэм +26.6 хэм хүрч, тус улсын түүхэн дэх хамгийн халуун өдөр болжээ. Цаг агаарын иймэрхүү огцом өөрчлөлтүүд нь хүйтэнд дассан, цаг агаарын өөрчлөлтөд мэдрэг экосистемд хүчтэй нөлөө үзүүлж болзошгүй гэдгийг мэргэжилтнүүд онцолжээ.
Өнгөрсөн 2024 он дэлхийн дахины хувьд хамгийн халуун жил болсон ба НҮБ-ын гаргасан дүгнэлтээр агаарт, тэнгис далайд, хуурай газруудад дулаарал явагдахад хүний нөлөө хамгийн их байсан аж.
Эх сурвалж: BBC






