
Японы парламентын олонхын саналаар Либерал Ардчилсан намын дарга Санаи Такаичи Японы Ерөнхий сайдаар томилогджээ.
Түүнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжиж 237 гишүүн саналаа өгсөн бол өрсөлдөгч Ёшихико Нода 149 гишүүний саналыг авчээ.
Японы Либерал Ардчилсан нам Японы Инновацийн намтай эвссэний ачаар Санаи Такаичи парламентад олонхын санал авсан тухай The Japan Times онцолжээ.
Өнгөрсөн мягмар гарагаас эхлэн Санаи Такаичи сайд нарын танхимаа бүрдүүлэх ажилдаа орсон аж. Энэ сарын эхээр 64 настай Санаи Такаичи Либерал Ардчилсан намын даргаар сонгогдсон билээ. Тэрээр намын дотоод санал хураалтаар өрсөлдөгч 44 настай Хөдөө аж ахуйн сайд Шинжиро Коизүмиг ардаа орхисон юм.
Нийгэмд нь эцгийн эрхт ёс ноёрхож, улс төрд нь эрчүүд давамгайлсан тус улс эмэгтэй Ерөнхий сайдтай болсон явдлыг том дэвшил гэж харж байгаа хүмүүс байгаа бол Санаи Такаичийн томилгоо онцгой өөрчлөлт дагуулна гэдэгт эргэлзэж байгаа хүмүүс ч багагүй байна.
Санаи Такаичи Их Британийн анхны эмэгтэй Ерөнхий сайд агсан Маргарет Тэтчерийг шүтэн биширдэг гэдгээ удаа дараа дурдаж байсан ба түүн шиг Төмөр хатагтай болохыг хүсдгээ ч илэрхийлж байсан юм.


Эх сурвалж: BBC







