
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудад 15 жилийн ажлын туршлагатай цэцэрлэгийн багш жилд дунджаар 55 725, бага ангийн багш 59 673 ам.доллар, дунд сургуулийн багш 61 563 ам.доллар, ахлах ангийн багш 63 925 ам.долларын цалин авдаг судалгаа байна.
Финланд улсад ахлах сургуулийн багш нарын цалингийн хэмжээ цэцэрлэгийн багш нарын цалингаас 42 хувиар илүү байдаг бол Мексикт 88 хувиар илүү байдаг аж.
ХБНГУ, Люксембург, Нидерланд улсад бага ангийн багш нар жилд дунджаар 90 мянган ам.долларын цалин авдгаараа Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудыг тэргүүлж байгаа бол Польш улсад багш нар жилд 55 407 ам.долларын цалин авдгаараа сүүл мушгиж байна.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн 34 улсад 2024 онд багш нар дунджаар 57 399 ам.долларын цалин авсан бол АНУ-д бага ангийн багш нар жилд 68 153 ам.доллар, Англид 54 550 ам.доллар, Шотландад 62 584 ам.долларын цалин тус бүр авчээ.
Зүүн Өмнөд Азийн орнуудыг авч үзвэл 2024 оны судалгаагаар Индонезид багш нарын дийлэнх нь сард дунджаар 120 ам.доллараас бага цалин авдаг нь тогтоогджээ.
Сингапурт багш нарын нэг сард авах цалингийн хэмжээ 2774-4028 ам.долларын хооронд хэлбэлздэг бол Вьетнамын эрх баригчид өнгөрсөн оны 10-р сард багш нарынхаа цалинг 1.8 дахин нэмснээр том хотуудад ажилладаг олон жилийн туршлагатай багш нар сард 1500 ам.долларын цалин авах боломжтой болжээ. Нөгөө талаас тус улсад шинэ багш нар иргэдийн дундаж цалингаас ч бага цалин авч, ажлын гараагаа эхэлдэг байна.
Малайзид багш нар сард дунджаар 633- 1500 ам.долларын цалин авдаг ба хөдөө орон нутагт ажилладаг багш нарт 114- 350 ам.долларын урамшуулал олгодог байна.
Тайланд улсад багш нар сард 554- 1066 ам.доллар, Филиппинд 488-512 ам.доллар, Лаост 130-300 ам.доллар, Камбожид 800-2500 ам.доллар, Мьянмарт 700-1000 ам.долларын цалин авч байна.
Хойд хөрш ОХУ-ын статистикийн албаны мэдээгээр тус улсад багш нар сард дунджаар 714 ам.долларын цалин авдаг байна.
Харин урд хөршид багш нарын дундаж цалин 3000- 4350 ам.долларын хооронд хэлбэлзэж байна.






